Төр, засгаас эх орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж үйлдвэржүүлэх, дэд бүтцээ сайжруулах, иргэдийнхээ амьжиргааны орлогыг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлаа хадгалах, бүс нутагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрт нэгдэх бодлогын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын томоохон ажлуудад Зэвсэгт хүчнийг оролцуулж буй. Тэгвэл Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга албаа өгөхөөсөө өмнө “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах тухай журам”-ыг баталжээ. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагууд бүтээн байгуулалтын ажилд оролцохдоо төрийн болон орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гадаадын зарим байгууллагатай хамтран ажиллах үед эрх зүйн харилцааг зохицуулах журмыг шинэчлэх шаардлагатай болсон. Шинэ журмаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах үйл ажиллагаа, үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна. Журам нь Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах оролцоо, арга, хэлбэр, удирдлага, зохион байгуулалт, бүх талын хангалт, Зэвсэгт хүчний анги, байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлага бусад байгууллагуудтай харилцан ажиллах үндсийг тодорхойлсон тулгуур баримт бичиг юм. Журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 01 дүгээр зарлигаар баталсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын үндсэн агуулгыг хэвээр хадгалж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги, батлан хамгаалах салбарын хууль, тогтоомжууд, бодлого зорилт, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх урт, дунд хугацааны хөтөлбөр зэрэг хууль эрх зүйн актуудтай нийцүүлж, бүтэц, найруулгыг шинэчлэн, харилцан ажиллагааны үндсийг нарийвчлан тусгаж, 8 бүлэг, 37 заалттай болгожээ. Журмыг шинэчилсэнээр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах үйл ажиллагаа, үүнтэй холбоотой үүсэх албан тушаалтан, чиглэл хариуцсан байгууллага хоорондын харилцаа, үүрэг, хариуцлага тодорхой болж, ажлын уялдаа холбоо, цогц байдал хангагдана. Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд батлан хамгаалах салбараас оруулах бодит хувь нэмэр нэмэгдэж, Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжих эдийн засгийн боломж сайжирна хэмээн үзэж буй.
Мөн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штаб зэрэг субъектуудын бүтээн байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаарх эрх үүрэг, хариуцлага оновчтой тодорхойлогдож, хариуцлагын тогтолцоонд өөрчлөлт орох нь ээ. Журмын давхардал арилж, стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтыг улсыг батлан хамгаалах шаардлагатай уялдуулах төрийн бодлого боловсронгуй болно. Нууцлал, аюулгүй байдлын өндөр стандарт шаардагдах төрийн болон цэргийн тусгай зориулалтын обьект, байгууламжийг барих, засвар үйлчилгээ хийх ажлыг Барилга-инженерийн цэрэг болон Зэвсэгт хүчний бусад анги, байгуулагын хамтаар бие даан гүйцэтгэх чадавх бүрдэнэ. Энэхүү журам батлагдсаны дараа “Бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах дүрэм”-ийг Батлан хамгаалахын сайдаар, “Бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулах журам”-ыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар батлуулахаар төлөвлөжээ.