Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн Баянцагаан-Уул гэх газар орчмын Хэрлэн голын усанд өчигдөр 17.00 цагийн орчимд хүн осолдсон тухай дуудлагыг 17.25 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь 27 километр замыг туулан, 18.30 цагт очиход Баянзүрх дүүргийн харьяа 31 настай, эрэгтэй Хэрлэн голд осолдсон байсан бөгөөд голын сав дагуу найман километр самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй учир эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 23.30 цагт түр зогсоосон гэнэ. Өнөөдөр 04.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид аврах багт нэгджээ.
Дээрх усны ослоос гадна нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах Биокомбинатын орчмын Туул голыг морьтой хүн гатлах гэж байгаад живсэн хэрэг гарчээ. Тухай дуудлагыг өчигдөр 18.49 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн гэнэ. Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 18.20 цагт очиход Биокомбинатын модон гүүрнээс зүүн тийш 400 метрт Хан-Уул дүүргийн харьяат, 17 настай, эрэгтэй “Туул” голыг морьтой гатлах үедээ осолдсон байсан аж. Аврах багийнхан осолдсон газрын ойр ормын гурван километр газарт самналт хийж, 3-6 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22.00 цагт түр зогсоосон. Улмаар өнөөдөр 08.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн хэмээн Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлэв. Энэ зун хангайн бүсээр хур ихтэй байх төлөвтэй байгаа учир үеэр, усны аюулаас болгоомжлохоос дээрх газраас анхааруулаад буй.