Коронавирусийн тархалтыг хумих үндсэн арга нь хүн хоорондын зайг бариулж, нэг дор олноороо бөөгнөрөхөөс сэргийлэх явдал гэдгийг бид мэдэх болсон. Гэтэл уг зарчим нийслэлийн ногоон бүсэд болон голуудын эрэг дагуу хэрэгжихгүй тохиолдол олон байна. Энэ талаар сурвалжиллаа. Сүхбаатар дүүргийн XIX хороо Зуун модны зуслан орчимд Сэлбэ гол дагуу уржигдар хүн ихтэй байв. Голын эргийн 150-200 метр тутамд 10 орчим автомашин зогсож байсан гэхэд хилсдэхгүй. Иргэд гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн салхилж, хүүхдүүд нь усанд сэлцгээнэ. Майхан барьж, эсвэл сүүдрэвч засан тухалцгаах бөгөөд амны хаалт зүүсэн хүн огт тааралдсангүй. Сэлбэ голын эрэгт гурван автомашин нийлүүлэн зогсоож, тэрэгнүүдийнхээ өмнө ширээ, сандал засан хөзөр тоглож байсан хүмүүс рүү дөхөн “Голын эрэг хавьд хүмүүс хэрхэн зугаалж, цуглаж буй талаар сурвалжилга бэлтгэж явна. Ганц, хоёр асуултад хариулт өгөөч” гэлээ. Тэд нэлээд цааргалангуй байсан ч 40 гаруй насны нэгэн бүсгүй босож ирэн, дараах асуултад хариулсан юм. Тэрбээр Баянгол дүүргийн V хороонд амьдардаг, ерөнхий боловсролын сургуульд монгол хэлний багшаар ажилладаг гэсэн.
-Та бүгд ах, дүүс, хамаатнуудаараа нийлж явна уу, эсвэл анд нөхдөөрөө уулзаад байна уу. “Ковид-19”-ийн тохиолдол нэмэгдэн, иргэдийг олон хүнтэй орчинд очихгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөж байгаа шүү дээ.
-Гэр бүлийн найзууд гурван өрхийн том, бага нийлсэн 14 хүн энд ирсэн. Хамгийн гол нь хүүхдүүдээ салхилуулъя, цэвэр агаар амьсгалуулъя гэж л зорьсон. Бараг хоёр жил хичээлдээ яваагүй, анги хамт олонгүй болсон хүүхдүүд маань энд ирж л шавай нь ханаж байна. Айлууд тус тусын автомашинтайгаа яваа учраас олуулаа битүү орчинд хамт байгаагүй гэсэн үг.
-Коронавирусийн халдвар авчих вий гэж болгоомжлохгүй байна уу. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд уг вирус эрчимтэй тархаж буй тухай мэдээлэл өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо.
-Бидэн дунд “Ковид-19”- өөр өвдөөд эдгэсэн хүн бий. Коронавирусээр халдварлачих вий гэж огт айхгүй байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ байгальд, задгай орчинд, салхинд вирус үржихгүй, тархахгүй гэсэн биз дээ. Тэгээд ч агаарт гарах, идэвхтэй хөдөлгөөн хийх, дархлаагаа дэмжих нь эл өвчнөөр өвдөхгүй байх, өвдсөн ч хүндрэлгүй эдгэх нөхцөл биш гэж үү. Тэгээд ч томчууд нь бүгд вакцинаа хийлгэсэн хэмээв.
Баянзүрх дүүргийн XXIII хороо буюу бидний нэрлэж заншсанаар Улиастайд голын эрэг дагуу уржигдар мөн л хүмүүс хөлхөн, унаа тэрэг ихтэй байв. Зургадугаар сарын эхнээс дунд үе хүртэл Улиастайн голын ус ихсэн, үерийн аюултай түвшинд хүрсэн ч өдгөө татарчээ. Хүмүүс майхан барьж, нарны хаалт зоон зарим нь хоол хийж харагдсан. Харин голын ус ихтэй байгаатай холбоотойгоор сэлж буй хүүхэд тааралдсангүй. Улиастайн эрэгт нарлаж байсан, Баянзүрх дүүргийн XX хорооны иргэн Г.Ариунтуяа “Хоёр хүүхэд, нөхөртэйгөө гэр бүлээрээ өдрийн зугаалга хийхээр ирсэн. Хүмүүсээс аль болох зайдуу байхыг хичээж буй ч энэ хавь бол өвлийн улиралд ч мөсөн дээр гулгах хүн олон байдаг, хөлтэй газар. Тиймээс бидэнд хүмүүсээс зайдуу буудаллах боломж алга. Хүүхдүүдээ айлын багачуудтай битгий тогло, хүмүүс рүү бүү ойрт гэж захичихаад л сууж байна. Иргэдийг агаар салхинд битгий гар, орон нутаг руу явж болохгүй гээгүй биз дээ, бид ямар ч дүрэм, журам зөрчөөгүй” гэсэн юм.
Нийслэлийн ойролцоох ногоон бүс, зуслан руу явж буй хүн маш олон байгааг зам дагуух супермаркет, хүнсний дэлгүүр, хоолны газруудаар олноороо үйлчлүүлж буй иргэдээр тооцож болохоор байв. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн XIX хороо, Ар согоотод байрлалтай “Номин” супермаркетын “ширхгийн” хоол, пицца борлуулдаг буфетийн дараалал тун их байсан. Иргэдийг зааланд сууж үйлчлүүлж болохгүй гэсэн ч захиалсан хоолоо хүлээн тэнд байсан дөрвөн ширээний гурвыг нь “эзэлсэн” байна билээ. Зугаалж, голын эрэгт өнжиж байсан хүмүүсийн олонх нь салхинд гарч дархлаагаа дэмжиж буйгаа илэрхийлж байсан бол байгальд, задгай агаарт коронавирус үржихгүй, халдвар тархахгүй гэдэгт итгэлтэй нэгэн ч тааралдсан. Гэтэл “Ковид-19” өвчний вирус агаарт “амьдарч” чадахгүй гэдэг нь худлаа хэмээн мэргэжилтнүүд хэлж буй бөгөөд агаар дуслаар дамжин халдвар хялбар тархах учраас хаана ч байсан амны хаалтаа зүүхийг сануулсаар байгаа юм.
Нийслэлийн Цагдаагийн болон Онцгой байдлын газар хамтран Туул голын дагуу морьт болон завьт эргүүл гарган, иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлахаар ажиллаж буйгаа мэдээлсэн. Хамгийн гол нь хүмүүсийг голын эрэгт, ойд архидан согтуурах, усны осолд өртөхөөс сэргийлсэн арга хэмжээ гэдгийг ч НЦУГ-аас тодотгож буй. Улмаар цагдаа нар Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэсийнхэнтэй хүч нийлүүлэн 2000 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг нэмж ажиллуулж буйг өчигдөр танилцууллаа. Тэд амралтын болон хоолны газруудыг үйлчлүүлэгч хүлээн авахгүй байх журмаа хэрхэн биелүүлж байгааг хянахын зэрэгцээ ойн бүс, голуудын эрэгт олноороо цугларахыг таслан зогсоох, халдвар хамгааллын дэглэм сахиулах зорилготой гэнэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн үед хүмүүс энд, тэнд бөөгнөрөх, амарч зугаалах нь хориотой хэвээр бөгөөд гэр бүлээс бусад хүрээнд цуглах, салхилахыг аль болох хязгаарлаж буйгаа ч дурдав. Эндээс харахад нэг талаас албаныхан ажиллаж, хүмүүсийг бөөгнөрөхөөс сэргийлж хүчээ дайчилж буй ч нөгөө талд иргэдийн зугаалга ер зогссон шинжгүй байна. Хүмүүс найз нөхдөөрөө, гэр бүлээрээ голын эрэг бараадах, зусландаа цуглан цагаа өнгөрүүлэх байдал коронавирусийн халдвар тархаагүй үеийнхтэй ижил хэмжээнд байгаа харагдав.