Өчигдөр УОК халдварын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор нийтийн хоолны газар, ресторануудын заалаар үйлчлэхийг хориглож, хугацааг дахин 10 хоногоор сунгасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг ААН-үүд эсрэгүүцэж буйгаа өнөөдөр илэрхийлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ресторан, зоогийн газрын холбооныхонтой уулзаж санал солилцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Засгийн газраас бүх боломжийг ашиглан үзэж байна. Хойш суусан зүйл огт байхгүй. Халдварын тархалтыг намжаах тал дээр ажиллаж байна. Цахим орчинд буруу ойлголт түгээж байгаа зохион байгуулалттай хэсэг байх шиг байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн журмыг ААН-үүдэд хүргүүлсэн. Хөл хорио, вакцин гэсэн хоёр арга хэмжээг дэлхийд авч байна. Халдварын эсрэг өөр дорвитой арга хэмжээ авч байгаа газар алга.
Иргэд, ААН, төр аль аль нь хариуцлагатай байх хэрэгтэй. Манайхан ААН-үүдийг нээчихээр хэвийн юм шиг бөөнөөрөө бужигнадаг. Эзэн биегүй болоод байгаа зүйлийн эсрэг гэрээний дагуу тохиролцож үйл ажиллагаагаа явуулж болно. Хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ.
Бямба гаргийн 12.00 цагт Соёлын төвд ресторан зоогийн газар, кофе шопуудын төлөөллүүдтэй би уулзана. Тэнд дэглэмээ сайн баримталж, ярилцъя. "Хариуцлагын гэрээ" гэдэг зүйлээ байгуулъя. Энгийнээр хэлэхэд дөрвөн зүйл дээр анхаарна. Хоёр тундаа хамрагдаад 14 хоног хоночихсон алба хаагчид, ажилчид, үйлчлүүлэгчид байна. Ширээ хоорондын зайгаа мөрдөнө. Үйлчлүүлж буй хүнийхээ тоог шахахгүй байх зэрэг л гол анхаарах зүйлс бий.
Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын Ерөнхийлөгч М.Есөнхмөнх "Манай салбар сүүлийн 1.5 жилийн 50 хувьд нь үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Үйл ажиллагаагаа хаах бүрт хүнсний бүтээгдэхүүн хоол хаягдал болдог. Өнөөдөр заалаар үйл ажиллагаа явуулна гэж бодож байхад та нар өчигдөр 22.00 цагт зөвхөн хүргэлтээр л үйлчилнэ гэсэн. Ингээд л бид хохироод байна. Манай салбарын 25 хувь нь дампуурсан, 35 хувь нь ажилтнуудаа цомхотгосон. Дүрэм журмаа биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгжүүдээс болж бусад нь хохирч байна. Тиймээс бид хариуцлагаа үүрээд явахад бэлэн байна.
УОК-ын шийдвэрээр хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар /ресторан, кафе, түргэн хоолны сүлжээ ресторан, цайны газар/-ын үйл ажиллагааг заалаар үйлчлэхийг хориглосон. Энэхүү хязгаарлалтын дэглэмийг дахин 10 хоногоор сунгасан болохыг УОК-оос өчигдөр мэдээлсэн юм. Мөн бялдаржуулах төв, бассейн, саун, амралтын газрын үйл ажиллагааг энэ сарын 25-наас 10 хоногоор хориглохоор болсон байна. Учир нь аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хангалтгүй мөрдсөн гэж үзэж ийнхүү шийдвэрлэжээ. Үүнийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж мэдэгдэл гаргаад байна" гэлээ.