Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 26-наас ихэнх нутгаар 30-34 градус хүрч халах төлөвтэй байгаа талаар мэдээлэв. Хамгийн халуун өдөр энэ сарын 27-нд говийн болон Орхон, Сэлэнгийн сав газраар тохиох бөгөөд 34-39 градус хүрэх аж.
Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Төвийн болон Говийн аймгуудын нутгаар энэ сарын 27-нд хэт хална. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, нууруудын хөндийгөөр 39 градус хүрч халах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар 36 градус хүртэл халах нь хэвийн боловч 39 градус хүрэх төлөвтэй байгаа нь хэт халалт болох учир сэрэмжлүүлэх түвшинд хүрнэ гэсэн үг. Тухайн өдөр нийслэлд 33 градус хүрч хална” гэлээ.
Тиймээс иргэд хэт халуунд гадуур гарахгүй байх, өндөр настай, зүрх судасны өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд хүйтэн жин тавьж, шингэн зүйл уух, гэртээ байхыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөлөө.