Агаар, орчны бохирдлыг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг шат дараатай, цаг хугацаанд нь зохион байгуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өгсөн билээ. Үүний хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор угаарын хийн мэдрэгчийн дохиолол суурилуулж байна. Эл ажлыг гүйцэтгэж буй “Таван толгой түлш” компанийн хэрэглэгчид үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай холбогдох албаныхан өчигдөр танилцлаа.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийг өнгөрсөн жил угаар мэдрэгчээр хангасан бөгөөд энэ удаад эрсдэлийн үнэлгээ хийжээ. Шалгалтаар угаарын хийн хордлогод өртөж болзошгүй 63.620 айл байгааг илрүүлж, мэдрэгч төхөөрөмжид нь Монгол инженерүүдийн зохион бүтээсэн дохиолол дамжлуулагч суурилуулж эхэлжээ. Энэ нь угаарын хийн хэмжээ аюултай түвшинд хүрэхэд дуут дохио хангинуулах, улмаар дохиоллыг тухайн айлын хаяг байршил, холбогдох мэдээлэлтэй нь хяналтын төвд илгээх технологи аж.
Өндөр эрсдэл бүхий айл өрхийг тогтоохдоо тухайн айлын зуух, пийшингийн бүтэц, гэрийн эздийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, нас, эрүүл мэндийн шалтгаан зэргийг үнэлэн тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, өдрийн цагаар голдуу хүүхдүүд үлддэг, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдардаг зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай, пийшин, зуух нь хий алдах эрсдэлтэй эсэхийг үнэлж тодорхойлжээ.
Цаашид нийт айл өрхүүдийн угаар мэдрэгчид дохиоллын системийг суурилуулан ашиглах техникийн болоод санхүүгийн боломжийг судалж байгаа аж. Дохиолол дамжуулагч суурилуулсан угаарын хий мэдрэгчийг цахилгаанд холбож ажиллуулах гэнэ. Хэрэв цахилгаанаас салсан үед угаарын хийн дохиолол мэдрэгч хяналтын төвийн самбарт унтарсан байгаа нь харагдах бөгөөд хяналтын ажилтан тухайн айл руу холбогдож сануулах арга хэмжээ авахаар зохицуулжээ.