Дэлхий нийтийг цочроосон цар тахал манай улсад тархаж, өдөрт гарах халдварын тохиолдол 2000 давж, нас баралт 500-д хүрэхэд ойрхон байна. Коронавирусийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед эрдэмтэд хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж, нийгмийн олонх нь эсэргүүцэж буй. Тодруулбал, дөрвөн удаагийн хатуу хөл хорионоос үүдэн бизнес нь “уруудаж” хүндхэн байдалд орсон хувийн хэвшлийнхэн хатуу хөл хорихын эсрэг байна. Харин гэрээр ажиллах боломжтой, санхүүгээ зохицуулах чадамжтай нэг нь хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж буй. Олон нийт ийнхүү талцан хуваагдаж байгаа энэ үед хатуу хөл хориог өөр хэлбэрээр тогтоох нь дээр бололтой.
Коронавирусийн халдвар нь хүн амын дунд хурдацтай тархаж байгаа үед бөөгнөрөл үүсгэхгүй, олуулаа цуглахгүй байх нь хамгийн зөв шийдвэр. Харамсалтай нь, манай улсын нийт хүн амын 67.2 хувь нь хот суурин газар амьдардгийн 45.3 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь нийслэлд амьдарч байна. Тэр дундаа нийслэлийн нийт хүн амын 95.1 хувь нь төвийн зургаан дүүрэгт оршин суудаг. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод хүн амын дийлэнх нь төвлөрч байгаа нь халдвар тархахад хамгийн ихээр нөлөөлж байгааг судлаачид хэлж буй. Халдвар нэгэнт тархсан энэ үед хатуу хөл хорио тогтоох нь өвчлөлийн тоог бууруулах сонгодог арга биш юм. Тэр дундаа өнгөрсөн удаагийнх шиг “халтуурын” хөл хорио халдварын тохиолдлыг бүр ч бууруулахгүй. Тиймээс эрдэмтдийн зөвлөгөөг сонсож, хатуу хөл хорио тогтоохоор бол иргэдэд эртнээс мэдэгдэн, орон нутаг, тэр дундаа хүн ам багатай, бөөгнөрөл үүсгэхгүй газар очиж амрах “хүслийг” нь гүйцээх нь зүйтэй болов уу.
Урин цаг ирсэн өнөө үед дотоодын аялагчид гэртээ “хоригдоно” гэдэг хэцүү. Бид угаас зуны дэлгэр цагийг аялж, зугаалж, гэр бүлтэйгээ хамт өнгөрөөдөг ард түмэн учир “болхи”, хараа хяналт сул хөл хорионд баригдан, гэртээ суух нь юу л бол. Үүнээс гадна, хууль бус замаар орон нутагт зорчих иргэдийн тоо нэмэгдэж, үүнийгээ даган элдэв осол бүртгэгдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс цэвэр агаараар дархлаагаа дэмжиж, хөл хориог амралт болгон иргэдийн эрх ашгийг хамгаалах нь чухал асуудал болоод байна.
Өдгөө Засгийн газрын уялдаагүй шийдвэр нь их хэмжээний хохирол учруулж, иргэдийн олон боломжийг хязгаарлаж буйд хүмүүс бухимдалтай байгаа. Ийм үед хатуу хөл хорио тогтоох нь нийгмийн сэтгэл зүйг доголдуулж, улам л бухимдалтай болгох эрсдэлтэй. Тиймээс утга учиргүй хөл хорионоос илүү дархлаа дэмжих, сэтгэл зүйд эергээр нөлөөлөх шийдвэр гаргах зайлшгүй шаардлага тулгараад байна.
Угаас өнөө жил нар, хур тэгширсэн зуншлага сайхан болох төлөвтэйг цаг агаарын байгууллагаас мэдээлсэн. Тиймээс хөдөө “хоригдож”, байгаль дэлхийтэйгээ ойр байх нь тахлыг давах дархлаа болохыг үгүйсгэх аргагүй. Гол нь хатуу хөл хорио тогтоохоор бол иргэдийнхээ энэ мэт эрх ашгийг бодолцож, урьдчилан мэдээлэх хэрэгтэй болов уу, эрх баригчид аа.