НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хорооны 14 дүгээр чуулганыг 2021 оны зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас энэ удаагийн чуулган нь цахим хэлбэрээр болсон юм.Чуулган нь “Илүү дээрийг бүтээцгээе: Ковид-19-ийн хариу арга хэмжээг хэрэгжүүлж, түүнийг даван туулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангаж, эрхийг бодит болгож, тэдэнд тусалж буй нийгэм эдийн засгийн нөлөөллийг шийдвэрлэе” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохиогдов. Монгол Улс нь НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц болон түүний Нэмэлт Протоколыг 2009 онд соёрхон баталсан бөгөөд хэрэгжилтийн асуудлаарх үндэсний тайлангаа 3 удаа хүргүүлээд байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нь чуулганы хүрээнд зохиогдсон ерөнхий хэлэлцүүлэгт оролцож, Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, үг хэллээ.Тэрбээр хэлсэн үгэндээ конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд батлан хэрэгжүүлж, улмаар хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгааг онцолсон. Түүнчлэн, хууль эрх зүйн хэрэгжилтийг ханган ажиллах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг 2018 онд байгуулан ажиллаж байгааг дурдлаа. Мөн Монгол Улсын Засгийн газраас баримталж буй халамжаас хөдөлмөрт гэсэн бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой байдлаар хангах тогтолцоог бүрдүүлэхээр олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах боломж, нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв. Чуулганд нийт 97 орны сайд дэд сайд болон бусад өндөр түвшний албан тушаалтнууд оролцлоо.Чуулганы дүнд 15 дугаар чуулганыг 2022 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо зохион байгуулах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа.