2021.06.21, Сүхбаатар дүүргийн XVI хороо, Дарь-Эх. 30 гаруй зүйлийн шилмүүст болон навчит модтой төглийн нэгэн хэсэг
Их далайн дундах арал шиг, элсэн цөлийн хаа нэгтээ дайралдах үзэсгэлэнт баянбүрд мэт, нүцгэн талыг чимэх хэсэгхэн ой адил хүрээлэн буй орчиндоо өнгө нэмсэн, үнэ цэнтэй газарт очлоо. Шил шилээ даран шавааралдаж, орчны бохирдол, доройтлоос үүдэлтэй түмэн асуудалд ээрүүлсэн гэр хорооллын дүнсгэр, зэгэл дүр төрхийг энэ газар байгалийн өнгөөр зөөллөх аж. Тэнд шувууд шулганан, жиргэлдэнэ. Шумуул энд тэндээс хазаж, тохуурхана. Шоргоолж болон жижиг шавж газраар нэг бужигнан, гүйлдэнэ. Навч сэрчигнэх, модод салхи зүсэн хүнгэнэх чимээ сонсогдоно. Ургамлын тансаг үнэр ханхална. Аргал, хомоол, нойтон шорооны үнэр ч сэнхийнэ. Хөл газарт ургадаг, харшил өдөөгч хэмээн бидний ад шоо үздэг шарилж, луулиас авхуулаад шилмүүст, навчит мод, эмийн ургамал, жимс, жимсгэнийн бут, сөөг төрөл төрлөөрөө байна. Ерөөсөө ойд байж болох, мод, ургамалтай амь, амьсгал нэгтэй “юм” бүхэн тэнд буй.
Энэ бүхнийг цогцлоосон хүн бол Ч.Эрдэнэчулуун. Сүхбаатар дүүргийн XVI хорооны нутаг, Дарь-Эхийн 33-ын автобусны буудлаас холгүй байх эл айл хашаандаа ойт төгөл байгуулахаар зорьж, тууштай хөдөлмөрлөж, зүтгэсээр өнөөдрийг хүрчээ. Өдгөө тэнд 30 гаруй зүйлийн шилмүүст болон навчит мод ургаж байна. Мөн газрын лийр, чацаргана, давжаа алим, долоогоно, үхрийн нүдний бут бий. Гишүүнэ, тэхийг шээг, нохойн хошуу, бага хумхаал (алтанзул) зэрэг эмийн ургамлаас гадна халиар, жууцай, ногоон сонгино тарьжээ. Говь цөлийн бүсэд ургадаг улаан сухайг туршилтаар тариад буй аж. Өөр оронд ургадаг, ховор, сонин мод, сөөг нутагшуулах сонирхолтой хүн сүүлийн үед олширсон бол эднийх эсрэг үзэлтэй. Монголын цаг агаар, эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, унаган ургамлуудыг тарихыг илүүд үздэг гэнэ.
Ч.Эрдэнэчулуун олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Тэрбээр Шведэд олон жил амьдарсан бөгөөд эх орондоо ирсэн 2000-аад оны үеэс хашаагаа ногооруулахаар сэтгэл шулууджээ. Энэ талаараа “Тухайн үед манай улс Азийн бусад орны жишгээр асар хурдтай хөгжиж байлаа. Барилга, дэд бүтцийн салбарт дэвшил, өөрчлөлт мэдрэгдсэн. Харин ногоон байгууламж үнэхээр дутагдаж байсан. Орчны бохирдол, доройтлын үндэс шалтгаан болсон гэр хороололд ч давуу тал бий. Хүмүүс эзэмшил газартаа мод, бут тарьж, төгөл байгуулбал тэр бүх асуудлыг шийдэх боломжтой гэж харсан юм. Ингээд санаагаа ажил хэрэг болгохоор шийдсэн түүхтэй.
Миний аав хими, биологийн салбарын хүн байсан. 1978 онд Сүхбаатар дүүрэгт 33 дугаар хороог байгуулсан бөгөөд манайх тэр үеэс энд суурьшсан. Эмээгийнх, аавынх, ахынх, манайх гээд дөрвөн айл зэрэгцээ амьдардаг байлаа. Хожим хашаануудыг нурааж, нийлүүлээд, мод тарьсан. Үндсэндээ дөрвөн айлын газарт төгөл байгуулсан гэсэн үг. 1980-аад оны үед туслах аж ахуйг дэмжих, хөгжүүлэх чиглэлд төр, засгаас их анхаардаг байлаа. Айлууд энэ дагуу голдуу хүнсний ногоо тарина. Аав минь тэр жишгээр хашаандаа үрэл болон давжаа алимны мод цөөн тоогоор, мөн хүнсний ногоо тарьдаг байв. Харин би ногоо бус, мод тарихыг илүүд үзсэн юм. Хэрэглэх ногоогоо өөрсдөө тарихад буруу зүйл мэдээж үгүй. Гэхдээ ач холбогдол, үр нөлөө нь газар, тэнгэр шиг ялгаатай. Ногоо таривал ходоодонд л тустай. Харин төгөл байгуулбал хүрээлэн буй орчинд хэрэгтэй. Хүний бусад амьтнаас ялгарах гол онцлог бол амьдрах орчин нь хэрхэн доройтож, баларч байгааг мэдэрч, ойлгож, түүний эсрэг хариу үйлдэл хийж чаддагт оршдог” хэмээн ярьсан юм. Зөвхөн өөрийнхөө бус, өрөөлийн хашааг ногооруулахын төлөө тэрбээр тодорхой санаачилгууд гаргаж байж. Тухайлбал, гэр хорооллыг ногоон болгоё гэж уриалж, үе үеийн Ерөнхий сайд нарт энэ саналаа дэвшүүлжээ. Харамсалтай нь, засаг солигдох тоолонд энэ хамтрал, “хэлэлцээ” замхардаг уламжлалтай гэнэ. Гэхдээ тэр өөрөөс шалтгаалах зүйлээ бүрэн дүүрэн хийж, бусдад үлгэрлэх үүргээ хангалттай биелүүлсэн нь илт байв.
Ч.Эрдэнэчулуун forest garden буюу ойт төгөл хэмээх ойлголтыг хүмүүст таниулах, онолын түвшинд гаргаж ирэх (концепц боловсруулах) зорилготой. Тиймээс хашаагаа ийм хэлбэрээр ойжуулжээ. Ойт төглийн гол онцлог нь байгалийг дуурайлган бүтээх юм байна. Мод, ургамлыг байгалийнх нь жамаар ургуулж, экосистемийн гинжин хэлхээ холбоог нь хадгалан үлдэх аж. Тухайн модны үр жимсээр хооллодог шавж, жигүүртэн, хөрсөнд агуулагдах бичил организм, хөл газрын ургамал гээд ойг бүрдүүлэгч эд, эс бүхнийг тэр чигээр нь “нутагшуулна” гэсэн үг. Зарим айл цементээр хучсан, хайрга, дайрга бүхий хашаагаа чимэх зорилгоор саглагар моддыг энд тэндээс авчирч, суулгадаг. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулахын тулд холбогдох байгууллагынхан жил болгон тайрч, хяргадаг. Харин ойт төгөлд тийм зохиомол орчин, илүү арчилгаа хэрэггүй. Гоёчилж, байнга арчлах ч шаардлагагүй аж. Гагцхүү байгалийнхаа жамаар ургах таатай нөхцөл бүрдүүлэх зэргээр чиглүүлэхэд л хангалттай гэнэ.
Ойт төглийн талаар яриа дэлгэхдээ “Энэ ойлголт, хэв маяг хүмүүс омгийн зохион байгуулалтаар амьдарч байсан балар эртний үеэс үүсэлтэй. Халуун орны амьдралын хэв маяг гэж хэлж болно. Тэр үед хүмүүс байгалийг байгаагаар нь хайрлаж, ойг устгахгүй, ямар нэг хохирол учруулахгүй амьдарч, үр шимийг нь хүртдэг байж. Хожим 1970-аад оны сүүлчээр Ричард Хард хэмээх англи хүн ойт төглийг хойд туйлын сэрүүн бүсэд нутагшуулсан. Үүнээс үүдээд өөр орны эрдэмтэд энэхүү ойлголтыг дэлгэрүүлж, түгээсэн.
Би байгалийн зүйлийг яг тэр хэвээр нь байлгахыг хүсдэг. Тарьсан мод, бутаа өөрийн таалалд нийцүүлж, сайхан харагдуулахын тулд дэлийг нь зассан морь шиг болгодоггүй. Байгальд ямар ач холбогдолтой, нэг мод нөгөөдөө ашиг тусаа хэрхэн өгч байна вэ, цаашлаад шавж, шувуунд хэр нөлөөтэйг чухалчилдаг. Алга дарам хөрсөнд ашигтай, ашиггүй өчнөөн тэрбум бичил биет бий. Нүдэнд үл үзэгдэх жижигхэн боловч байгалийн тэнцвэрт байдалд үлэмж нөлөөтэй эдгээр организмын харьцааг хэвийн байлгахад анхаардаг. Энэ нь тухайн орчин эрүүл, тэнцвэртэй байх үндэс” гэж онцолсон.
Байгалийн таатай орчин хаана бүрэлдэнэ, тэнд амьтай бүхэн цугладаг аж. Түүний хашаанд олон зүйлийн жигүүртэн, шавж нутагладаг болоод уджээ. Зөгий, соно, эрвээхэй, ялаа, шумуул өчнөөн. Ялгаж танихын аргагүй том, жижиг шавж, шоргоолж зөндөө. Саглагар моддын оройд шаазгай, хөх бух үүрээ засан, тухалжээ. Зарим жимсний мод, бутаа зөвхөн онцгой “зочид”-доо зориулж, тарьжээ. Ховор, сонин шувуу ирэх нь ч бий гэнэ. Тиймээс хашаанд нь саатдаг, үдлээд буцдаг жигүүртнүүдийн зургаар цомог (альбом) гаргахаар төлөвлөжээ.
Энэ айлын хашаанаас гарав уу, үгүй юү, хайрга, тоос шороо болсон саарал гудамж угтана. Эднийх ч өмнө нь ийм байжээ. Хатуу, эвдэрч, доройтсон хөрсийг хомоол, аргалаар эмчилжээ. Өнгөн хөрсөн дээр нь их хэмжээний аргал, хомоол асгасан байна. Тэр нь нар, салхи, цас, бороонд ялзарч, хөрсөнд шингэжээ. Хомоол ариутгах чанартай учраас бохирдсон хөрсөнд туйлын ач холбогдолтой аж. Үүний дараа хар шороо асгаснаар ургамал ургах таатай хөрс бүрэлджээ. Өөрөөр хэлбэл, байгалийг байгалийн аргаар эмчилж, тордох технологийг ашиглажээ. Мод, бут суулгах амархан ч ургуулах хэцүү гэдэг. Харин тарьсан модоо ургуулахын тулд хөрсний бичил орчныг харгалзах нь хамгийн чухал бололтой.
Орчны бохирдлоос эхтэй олон асуудал нийслэлчүүдийн хоолойд тулсантай холбоотойгоор хүмүүс “Ямар төрлийн мод таривал тохиромжтой вэ” хэмээн асуух нь олширсон. Энэ асуултыг ойт төглийн эзэнд тавихад “Анх удаа мод тарих гэж байгаа, мөн эвдэрч, доройтсон газар сонгосон бол хайлаас тохиромжтой. Их тэсвэртэй мод. Улиас ч болно. Шилмүүст болон жимсний мод арчилгаа ихтэй учраас эхний ээлжид тэсвэртэйг нь сонгоорой. Хөрсөө эрүүл болгоод, өөрөө ч туршлага хуримтлуулна. Үүний дараа арчилгаа шаарддаг мод таривал зохимжтой. Хүмүүсийн олонх нь жимсний мод голдуу тарих сонирхолтой байдаг. Тарьсныхаа маргаашаас эхлээд л үр дүн хүлээдэг. “Зөндөө усалж, арчлаад байхад үр жимсээ өгөхгүй юм” гэж гомдоллодог. Энэ маш буруу. Байгалиас хариу, ашиг нэхэлгүй, сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Чин сэтгэлээсээ зориулсан хэн бүхэнд байгаль үр шимээ хүртээдэг” гэж хариулав.
Улсаас хийж буй ойжуулалт, ногоон байгууламжийн ажилд ямар үнэлгээ өгөх вэ гэхэд “Шүүмжлэхийг боддоггүй. Хэдэн цэцэрлэгч чадлынхаа хэрээр ажиллаж байна. Харин гэр хорооллынхон хандлагаа өөрчлөөсэй гэж хүсдэг. Хашаандаа боломж бололцоогоороо мод тарьж, газрыг эргэлтэд оруулаасай. Ийм хэмжээний төгөл байгуулахад тийм ч их зардал шаардахгүй. Гагцхүү сэтгэл, хөдөлмөр, цаг хэрэгтэй. Эдгээр зүйл хүн бүрт бий” гэсэн юм.
Их хотын гэр хороололд “авчирсан” ойт төглөөр аялах сонирхолтой бөгөөд тааламжтай байлаа. Олон улсын харилцаанаас экологийн салбар луу “урвасан” Ч.Эрдэнэчулууны яриа бүр ч “амттай” байв. Ойт төглийг нь бараадан ирсэн амьтдыг ажиглах, судлах, шинэ мод, сөөг туршилтаар тарих шиг сайхан зүйл түүнд үгүй гэнэ лээ. Тэрбээр үүнийг “Бөөн кайф” хэмээсэн.