Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ургасан хөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, цэвэрлэх аяныг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн аяны хүрээнд 148 иргэнийг түр ажлын байраар хангаж, зориулалтын цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий, амны хаалт зэргээр ханган ажиллуулжээ. Ингэхдээ нийтийн эзэмшлийн томоохон гудамж, талбайн шарилж, зэрлэг ургамлыг хадах, цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Уг ажилд Тохижилт, үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд ч оролцдог онцлогтой. Шарилж, лууль цэвэрлэж, хадах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн байршлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер баталдаг. Эл хувиарын дагуу зургадугаар сарын 20-ноос Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж гэх мэт томоохон гудамж, талбайн ногоон байгууламжийн өвс, шарилж, зэрлэг ургамлыг хадах ажлыг эхлүүлээд байна.