Монгол Улсын төрийн урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн талаар цөөнгүй зорилт, арга хэмжээ тусгагдан тэднийг хөдөлмөрт бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын байранд зуучлах, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд нэг талаас ажил олгогчдын ойлголт хандлагыг сайжруулах, нөгөө талаас ХБИ-ийг өөрсдийг нь хөдөлмөрт бэлтгэх асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй байгаа юм. ХНХЯ, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хүний нөөцийг хөгжүүлэх, сүлжээг бий болгох, төсөл хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх замаар ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хөгжүүлж, тэдний амьжиргаа, нийгмийн оролцоог сайжруулах зорилгоор “Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг 2021-2025 оны хооронд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагч, ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөх, оюуны бэрхшээлтэй иргэдийн дэмжлэгтэй ажлын байранд сургах “Job coach”-ийг бэлтгэх, ажил олгогчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх хандлага ойлголт нэмэгдүүлэх зэрэг тогтолцоо бүрдүүлэх ажлууд хийгдэх юм.Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлт нь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд ажлын байранд дадлагажуулагчийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны талаарх ойлголт өгөх зорилгоор “Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлт, ажлын байранд дадлагажуулагчийн танилцуулга” семинарыг зохион байгуулав. Семинарт “Дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт: Ажлын байранд дадлагажуулагчийн байр суурь, чиг үүрэг”, “Оюуны бэрхшээлтэй иргэдийг голлосон дэмжлэг”, “Хөдөлгөөн болон тархины үйл ажиллагааны бэрхшээлтэй иргэдийг голлосон дэмжлэг” зэрэг сэдвүүдээр Японы эрдэмтэн, судлаач нар илтгэл тавьж, Монгол Улсад ХБИ-дийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцооны талаар хэлэлцэж, санал солилцлоо.ХНХЯ, ХБХХЕГ, ХХҮЕГ, аймаг, нийслэл, дүүргийн газар хэлтсийн удирдлага, ажилтнууд болон холбогдох төрийн байгууллагууд, ажил олгогчид, ТББ-уудын төлөөлөл 200 орчим хүн тус семинарт оролцсон.