Туул голын усны урсцыг байгалийн аясаар нэмэгдүүлэх замаар экосистемийн доройтлыг бууруулж, сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар нийслэлийн Байгаль орчны газраас 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн 34 бодгаль Евразийн минжийг авчирч, үржүүлж буй билээ.
Минж үржүүлэн, нутагшуулах ажлын хүрээнд өнгөрсөн оны байдлаар 57 бодгалийг Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голд нутагшуулсан гэнэ. Тэгвэл өчигдөр нас биед хүрсэн гурван бүлийн зургаан бодгаль минжийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн нутагт аядуу зөөлөн, суллан тавих аргыг сонгож усны түвшин, урсгалын хурд болон эргийн нөхцөлийг харгалзан ус боох далан хийж, цүнхээл үүсгэх зэргээр дэмжлэг үзүүлж нутагшуулжээ. Цаашид нийслэлийн Байгаль орчны газрынхан Туул голын эхэнд 100-150 бүл популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байгаа гэнэ.
Ташрамд дурдахад, минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн эл амьтныг агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан юм. Дэлхий дээр хойд Америкт тархсан Канад, Евразийн гэх хоёр зүйлийн минж бий. Евразийн минж нь дотроо хэд хэдэн салбар зүйлтэй бөгөөд манай оронд шар минж хэмээх салбар зүйл нь нутагладаг аж.
Мөн энэ жил “Минж үржүүлэх, нутагшуулах төв"-ийн нэг бодгаль минжнээс таван ихэр дүдэр төрсөн нь Монголд анхны тохиолдол болсон юм.