Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрчим хүчний сайд нар “Таван толгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэр болон нөөцийн талбайтай өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцлаа. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөцийг бэлтгэх, татан авах, тээврийн зардлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.
Ирэх өвөл сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох медлин (угаасан нүүрс)-ий 725 мянга гаруй тонн нөөц шаардлагатай гэнэ. Энэ нөөцийг шат дараатай татан төвлөрүүлэх, тээвэрлэлтийн зардлыг шийдвэрлэх талаар холбогдох албаныхан санал солилцсон юм. Мөн баруун бүсийн үйлдвэрийн технологийн шинэчлэлийг хийх, шат дараатай нүүлгэх асуудлыг хэлэлцлээ. Үүнээс гадна агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулах шаардлагатай талаар ярилцав. Тус дүүргийнхнийг сайжруулсан түлшээр хангахын тулд үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүсэх аж. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаныхан санал солилцсон юм.
Ташрамд дурдахад, одоогоор “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт 26, зүүнд нь 28, Төв аймгийн нутагт орших нөөцийн талбайд 73 мянган тонн түүхийн эдийн буюу медлиний, 855 тонн барьцалдуулагчийн нөөц байгаа гэнэ. Хорио цээрийн нөхцөл байдалтай холбоотойгоор түүхий эдийг татан авах, техник хэрэгслийн сэлбэг, хангамжийн нийлүүлэлт удаашралтай байгаа бөгөөд 26 машин сул зогсолттой байгаа хэмээн албаныхан мэдээлэв.