Охины эцэг илбэчин байжээ. Түүний үзүүлбэрийн хамгийн оргил хэсэг нь өөрийн туслах буюу эхнэрээ банзан дээр хэвтүүлэн дээрээс нь цаазын сүх буулгахад их биенээсээ тасарсан толгой сийрсэн саванд хүндээр унаж, тайз нилдээ хиймэл цусаар будагдахад оршдог байлаа. Энэ үзүүлбэр нь танхимд цугларагсдад хүчтэй нөлөөлөн хүмүүс хөдөлж ч чадахгүй, амаа ангайн суусаар байдаг байв. Харин илбэчний охин энэ үзүүлбэрийг өөрийн хүүхэлдэйнүүд дээр дууриан хийж тоглодог болжээ. Бяцхан Белла охины гарт орсон бүх хүүхэлдэй толгойгүй болдог байлаа. Тэр үед дэлхий дахин Зигмунд Фрейдын онол гэгчийг мэддэггүй байсан бөгөөд сэтгэцэд гаж нөлөө үзүүлэх зүйлийн талаар сураг ч үгүй байсан юм. Тиймээс илбэчин эцгийнх нь хүн цаазлах үзүүлбэр бяцхан охиных нь цаашдын хувь заяанд яаж нөлөөлөхийн зэрэгцээ хэдэн арван эрчүүдийн амь нас хэрхэхийг хэн ч хэлж чадаагүй билээ.
Беллагийн анхны нөхөр Мерилл Соренсон гэгч хувийн мөрдөгч байжээ. Залуу хосууд гэрлээд удаагүй байтал тэдний амьдарч байсан байшинд гал гаран гэрийнх нь хамаг тавилга шатаж үгүй болсон байна. Харин нөхөр нь гал түймрийн даатгалд даатгуулсан байсны ачаар тэд даатгалаас 2 мянга гаруй доллар авч хуучнаасаа ч илүү шинэ тавилгатай болжээ. Энэ нь Беллагийн гайхшралыг төрүүлэхийн зэрэгцээ хөнгөн аргаар мөнгө олж болох санааг төрүүлэв. Удалгүй тэрбээр нөхөр нь өөрийнхөө амь насыг 3 мянга доллараар даатгуулсныг олж мэдэв. Энэ өдрөөс эхлэн бүсгүй аймшигт төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн байна.
Хамгийн түрүүнд Белла нөхрийгөө амь насаа 5 мянган доллараар даатгуулах хоёр дахь даатгалын гэрээ хийхийг ятгаж дөнгөсөн байна. Дараа нь Индиана мужийн Ла-Порте тосгонд жижигхэн ногооны аж ахуйг худалдан авч тэндээ суурьших санал гаргажээ. Ноён Соренсон авгайнхаа энэ саналд төдийлөн дуртай биш байсан ч хамтдаа нүүхээс өөр аргагүйд хүрчээ. Учир нь Беллаа хүүхдүүдээ эрүүл агаарт байх шаардлагатай гэж эмч зөвлөсөн гэж худал хэлсэн аж. 90 хоногийн дараа Соренсон ноён тэнгэрт хальжээ. Тосгоны эмч түүнийг хоолны хордлогоор нас барсан хэмээн дүгнэв. Эмчийн дүгнэлтийг хөдөөгийн цагдаа хүлээн зөвшөөрчээ Хөдөөгийн цагдаагийн толгойг эргүүлэх нь Чикаго хотын цагдаагийн байгууллагаас хамаагүй хялбар байна гэж Беллагийн тооцоолон бодож нүүсэн шалтгаан энэ байлаа. Хөөрхий ноён Соренсон авьяаслаг хувийн мөрдөгч байсан ч өглөөний цайнд нь чухам хэн хор хийснийг мэдэлгүй л нас барсан юм. Харин Белла эмгэнэн гашуудсаар нөхрийнхөө даатгалын 8 мянган долларыг авчээ.
Белаагийн хоёр дахь нөхрийг Питер Ганнес гэдэг байв. Эмэгтэй түүний овгийг авснаар Белла Ганнес гэдэг нэрээрээ гэмт хэргийн түүхэнд алдаршсан билээ. Ноён Ганнес Беллагийн бусад нөхрүүдийг бодвол хамгийн урт хугацаанд амьд байсан хүний нэг юм. Үүнд тодорхой шалтгаан байсан аж. Ноён Ганнесын эхнэр байх хугацаандаа Белла эргэн тойрондоо нэр хүндийг олж авахын тулд асар их сүсэг бишрэлтэй эмэгтэйн дүрийг эсгэсэн байна. Тэрбээр өнчний газраас хоёр охин нэг хүү өргөж аван, сүм шашны байгууллагын хандивын ажилд хамгийн идэвхтэйгээр оролцдог байлаа. Беллагийн гэрийн үүдэнд өдөр болгон тэнэмэл муурнуудад зориулсан тавагтай сүү байдаг байв. Ноён Ганн ийм энэрэнгүй дүр төрхтэй эхнэр нь нэг л өглөө толгой дундуур нь сүхээр цохиж ална чинээ санаагүй биз ээ.
Дуудлагаар ирсэн эмч нас барсан ноён Ганныг хараад, тосгоны цагдааг дуудахаас өөр хийх зүйл олдсонгүй. Хадагтай Ганн нөхрийнх нь халзан толгойг тавиур дээр байсан сүх унаад хагалчихсан хэмээн уйлж орилсоор тайлбарлав. Хэргийн газар ирсэн мөрдөгч цогшсонд үзлэг хийгээд сүх уулын орой дээрээс унаагүй л бол хүний гавлыг ингэж эрүү хүртэл нь хуваах боломжгүй хэмээн дүгнэсэн аж. Мөн ноён Ганны амь даатгал эхнэрийнх нь нэр дээр бичигдсэнийг мэдэн цагдаагийнх нь Беллаг цагдан хорьжээ. Гэвч Белла хорионд удсангүй. Бүрханд гүнээ итгэгч, энэрэнгүй үзэлтэн Белла бол өлсгөлөн хүмүүсийг хооллодог, ядууст хувцас өгдөг, гурван өнчин хүүхдийг тэтгэдэг гээд түүнийг нийгэм өмгөөлөн хамгаалжээ. Цагдаагийн байгууллага энэ шахалтад бууж өгөн Беллаг суллаж, харин даатгалын компани түүнд 4 мянган доллар төлснөөр энэ хэрэг намдав.
Удалгүй бэлэвсэн авгай гахайн утсан мах үйлдвэрлэх гэж байгаагаа хөршүүддээ мэдэгдэн утлагын байгууламж барьж эхэлсэн байна. Белла утлагын байгууламжаа гэрийнхээ гал тогоотой нарийхан хонгилоор холбон барьжээ. Тэрхүү хонгилоо торх , дэгээ, цавчигч, хөрөө мөн тоо томшгүй олон хутга зэрэг гахайн махыг төхөөрөх бүх хэрэглэлүүдээр тоногложээ. Харин байгууламжийн харалдаа газар ногоо тарих талбай засан эргэн тойрноо өргөст тороор хүрээлсэн аж. Хэдэн тоорой худалдаж авсныхаа дараа тэрбээр сонинд нэгэн зар тавьжээ. Тэрхүү зард “Индиана мужийн Ла Порт хэсэгт гахайн аж ахуйтай царайлаг ганц бие бэлэвсэн эмэгтэй тохитой томоотой чинээлэг эртэй танилцахыг хүснэ. Захидлаар харилцахгүй бөгөөд зөвхөн биечлэн уулзана ” хэмээн бичсэн байв. Тэрхүү зарын дагуу хамгийн эхэнд Чикаго хотоос Оле Линдбой гэгч залуу бэлнээр 200 доллар, 500 долларын үнэтэй бөгж, бүдүүн алтан гинжтэй цаг мөн хайр дурлалыг хүссэн зүрх сэтгэлтэйгээ иржээ. Их заль ухаан гаргалгүйгээр Белла залуугийн өмч хөрөнгийг өөрийн болгож чадсан байна. Залууг гэрлэх санал тавихад Белла “Хайртайгаа нотлохын тулд өөрийнх нь эдлэн газар хэсэг хугацаанд ажил” гэсэн шаардлага тавьжээ. Хоёр сарын дараа Линдбой “Нэг бол гэрлэ, нэг бол ажлын хөлсийг төл” хэмээн тулгасан нь өөрийнхөө үхлийг дууджээ. Тэр өдрөөс хойш Линдбой хэмээх залуу сураггүй алга болсон билээ. Түүний цогцсыг зөвхөн зургаан жилийн дараа Беллагийн ногооны талбайгаас ухаж гарган шүдээр нь таньсан юм.
Тун удалгүй Белла нөгөө зараа сонинд дахин өгчээ. Энэ удаа Минессота мужаас Жон Мосс хэмээх чинээлэг эр ирсэн байна.Түүний түрийвчид таван мянган доллар бэлнээр байжээ. Гурван сарын дараа ноён Жон Мосс мөн л алга болж харин Беллагийн ногооны талбайд нэг шинэ эгнээ бий болов. Хадагтай Ганн хөршүүддээ ноён Моссыг таарж тохирохгүйн улмаас хот руугаа буцсан гэж тайлбарлажээ.
Индианагийн Их сургуулийг дүүргэсэн ч халаасандаа нэг ч төгрөггүй ядуу Рей Ламфер гэгч залуу алтан аяганаас ус уух тавилантай нэгэн байжээ. Тэрбээр Беллатай зарын дагуу биш харин Ла-Порте хотын гудамжинд танилцсан гэдэг. Белла залууд өөрийнхөө эдлэн газар ажиллах санал тавьснаар тэдний хамтын амьдрал эхэлжээ. Сонирхолтой нь хадагтай Ганн залуу хархүүд ажлын хөлс төлдөг байсан бөгөөд Рей Ламфер ч Беллад дурлан өөртэй нь гэрлэхийг үргэлж гуйдаг болов. Харин хадагтай Ганн хөрөнгө мөнгөгүй хоосон эр хүнтэй суухыг огт хүлээн зөвшөөрдөггүй нэгэн .
Тэдний амьдралд Эрик Андерсен гэдэг швед эр гарч ирснээр Рей Ламферын тайван амьдрал төгсгөл болов. Рей сэтгэл санаагаар унан, архинд орж, гадуур дотуур хоног өдрийг өнгөрөөдөг болсон аж. Нэг үдэш согтуу тэрбээр Беллагийнд ирвэл бүсгүй түүнд хайртай хэвээр бөгөөд эргэж хамтын амьдралдаа ороход бэлэн гэдгээ ойлгуулжээ. Золгүй ноён Эрик Андерсены сураг тасарч гагцхүү ногооны талбайд нэгэн шинэ эгнээ л бий болсон байлаа.
1903-1906 онуудын хооронд орон нутгийн сонинд Беллагийн бичсэн зар хэд хэдэн удаа нийтлэгджээ. Энэ хооронд Беллагийн цуст гараар хэдэн арван эрчүүд орсон аж. Тэр болгонд Рей дурлалт бүсгүйгээ алдах нь гэж хардан шаналдаг байж. Гэвч түүний шаналал ээлжит сүйт эр сураггүй алга болсноор төгсгөл болдог байлаа.
Белла Ганнын үхлийн тэврэлтээс зугтаж чадсан хүн ганцхан байдаг бөгөөд тэр нь Миссури мужаас ирсэн Жорж Андерс гэгч баян чинээлэг бэлэвсэн эр аж. Тэрбээр шөнө хэн нэгний хөлийн чимээнээр сэржээ. Нүдээ нээтэл орны нь хажууд хадагтай Ганн унтлагынхаа хувцастай нэг гартаа лаа нөгөө гартаа мах цавчдаг сүх барьчихсан зогсож байв. Ноён Андерс орноосоо ухасхийн босоод Беллаг юу хийж байгааг асуувал бүсгүй “Нойр хүрэхгүй учир хутгаа хурцалж байсан юм. Тэгээд замдаа чамд эвтэйхэн байгаа үгүйг чинь шалгая гэж бодоод” хэмээн эелдэг хариулжээ. Тэр шөнөдөө ноён Андерс Ла-Портег орхин явсан гэдэг.
1907оны эхээр ээлжит хохирогч болох Жон Олден гэгчийг ирээд удаагүй байтал хатагтай Ганн Рей Ламферыг хот руу юм захин явуулжээ. Залуу дор хаяж гурван цагийн дараа ирэх ёстой атал тэрбээр замдаа уушийн газар орж хэдэн аяга шар айраг уусан тул мөнгөгүй болон цагаасаа өмнө эргэж ирсэн байна. Залуу Беллааг хайсаар утлагын байгууламжид ортол хадагтай Ганн хохирогч Жон Олдены цогцсыг мах төхөөрдөг ширээн дээр мөчилж байх нь тэр. Залуу сүүлийн үед сэжигтэй зүйл болоод байгааг гадарлаж байсан ч ийм дүр зурагтай тулгарна гэж бодоогүй нь мэдээж. Гэвч тэрбээр хадагтай Ганнд хайртай байсандаа юу эсвэл айсандаа юу хэнд ч юу ч хэлэлгүй өнгөрчээ. Хадагтай Ганн болохоор “энэ этгээд өөрөө над руу эхэлж дайрсан” хэмээн итгүүлэх гэж зүтгэсэн байна.
Белла хамгийн сүүлчийн хохирогч дээрээ бүтэлгүйтжээ. Тэр нь Өмнөд Дакота мужаас ирсэн Эндрю Хелгелин гэдэг чинээлэг ноёнтон байв.Тэрбээр банкан дахь хамаг мөнгөө хадагтай Ганны нэр дээр болгосны дараа бүсгүйн ногооны талбайд нэг нэгнээ нэмэгдсэн юм. Харин Өмнөд Дакота мужид ноён Эндрю Хелгелиний дүү Алекс Хелгелин ахыгаа сураггүй болоод удахад санаа зовж эхэлжээ.Тэрбээр ахыгаа хаашаа явсныг мэдэж байсан бөгөөд хадагтай Ганн руу ахыгаа сурагласан захидал илгээсэн байна. Белла ноён Хелгелин тэднийд долоо хоноод явсан гэхийн сацуу ноён Алекс Хелгелиныг тодорхой бэлэн мөнгөтэй ирж ахыгаа хайх ажлыг эхлүүлэхийг санал болгосон хариу захидал тэр даруй бичиж явуулжээ . Гэвч ноён Алекс Хелгелин энэ өгөөшөнд орсонгүй.
Энэ үед цагдаагийн дарга согтуу Рей Ламферын амнаас унасан үгийн дагуу хадагтай Ганнтай уулзахаар шийджээ. Рей Ламфер хамт архи ууж байсан нөхөддөө “Хэрэв эдлэн газарт өөртэй нь ямар нэгэн зүйл тохиолдвол, эсвэл ор сураггүй алга болвол даруй цагдаагийн газарт мэдэгдэж мөрдлөг хийхийг шаардаарай “ гэж нэг биш удаа захиж байжээ. Харин хадагтай Ганн цагадаагийн даргын өөдөөс уурлаж хилэгнэн “Хэн ч хэзээ ч намайг ингэж доромжилж байгаагүй. Ламфер өөрөө нэг биш удаа намайг ална хэмээн заналхийлж байсан” гэж мэдүүлэн түүнийг баривчилахыг шаардсан байна. Хадагтай Ганны хүслийг ёсоор болгон Рей Ламферыг цагдан хорив. Гэвч хэдэн өдрийн дараа Хатагтай Ганн болон Рей Ламфер нар шоронгийн өрөөнд хоюулахнаа уулзсан бөгөөд тэр өдрөө Белла өргөдлөө буцааснаар Ламферыг сулалжээ. Тэд ямар зөвшөлцөлд хүрснийг одоо хэн ч хэлж мэдэхгүй.
1908 оны дөрөв дүгээр сарын 27ны орой Белла Ганнын эдлэн газар галд автан үнс нурам болтлоо шатжээ. Түймэр болсон газрыг өглөө нь ирж шалгатал гурван хүүхдийн, нэг насанд хүрсэн эмэгтэйн шатсан цогцос олдсон байна. Ямар дүгнэлт гарах нь мэдээж бөгөөд хадагтай Ганныг гурван хүүхэдтэй нь хамт алаад эдлэнг галдан шатаасан хэргээр тэр шөнө хаана байсан нь тодорхойгүй Рей Ламфыг баривчилжээ. Гэтэл шинжээч үзлэгийн дүгнэлт бүгдийг алмайруулав. Түймэрт шатсан гурван хүүхдийн цогцос Беллагийн өргөмөл хүүхдүүд мөн болохын зэрэгцээ тэднийг хүнд зүйлээр толгойруу нь цохиж алсныг тогтоожээ. Харин том хүний цогцос хадагтай Ганнд огт хамаагүй гэдэг нь магдлагдсан байна. Өөрийх нь амьдрал хутганы ирмэг дээр ирснийг мэдсэн Рей Ламфер өөрийнхөө буруугүйг нотлохын тулд ноён Жон Олдены аллага бөгөөд бусад эрчүүдийн алга болсон талаар мэдүүлж эхэлсэн гэдэг.
Цагдаагийн ажилтнууд эдлэн газрт үзлэг хийхэд 12 бүтэн араг яс, хүний яс дүүргэсэн 4 хайрцаг, мөн ноён Хелгелиний муудаж амжаагүй цогцосыг олжээ. Хадагтай Ганн өргөмөл хүүхдүүдээ алаад гэмт хэргийнхээ ул мөрийг баллахын тулд эдлэн газраа галдан шатаасан нь илэрхий болсон аж. Харин насанд хүрсэн эмэгтэй хүний цогцос хэнийх болохыг одоо болтол тогтоож чадаагүй гэдэг. Индиана муж Белла Ганны талаар АНУ-ын бүх цагдаагийн байгууллагуудад мэдэгдэн, түүнийг илрүүлсэн хүнд том шагнал амласан байдаг. Эрэн сурвалжлах ажил Австрали,Канад, Европ, тэр байтугай Африкийг хамарсан ч хадагтай Ганныг хэн ч хаана ч хараагүй гэдэг.