Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд жуулчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, гол чиглэл, зам дагуу түр буудаллах цэг болон боловсон ариун цэврийн газар, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, хоолны газар бүхий үйлчилгээний цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл дээрх ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхимийн дарга Т.Дүүрэн болон холбогдох албаныхан цахимаар хуралдлаа. Хуралдаанаар түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор нь A, B, C гэсэн гурван төрлийн ангилалтай байхаар төлөвлөж буй талаар хэлэлцэв. А ангиллын хувьд хоногт 10 мянгаас дээш, Б нь 5-10 мянга, С нь 5000 хүртэлх тээврийн хэрэгсэл зорчих улсын чанартай авто зам дагуу байрлах гэнэ. Улсын хэмжээнд аяллын гол бүс нутаг болох 31 байршилд олон улсын жишигт нийцсэн цэг байгуулахаар зураг, төсвийг боловсруулж, батлуулсан хэмээн холбогдох албаныхан мэдээллээ.
Цогцолборуудыг байгуулах байршлын судалгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал болгосны дагуу Японы "ЖАЙКА" байгууллагын дэмжлэгтэйгээр хоёр яам болон, аймгуудын Засаг даргын тамгын газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж, 30 цэгийг эцэслэж тогтоод байгаа гэнэ. Мөн тогтсон цэгүүдийг сум, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг албан ёсных болгох ажлыг энэ оны эхний улиралд зохион байгуулж, нийт 21 байршлын шийдвэрийг баталгаажуулжээ.