Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны бүгд хурлын үеэр хэлсэн үгэндээ БНСАУ-ыг АНУ-тай хэлэлцэхэд ч, сөргөлдөхөд ч бэлэн байх ёстой гэжээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв.
Бүгд хурлын үеэр Ким Жон Ун АНУ-ын талаар баримтлах бодлогын стратеги, чиглэлийг тодорхойлжээ. Тэрбээр мөн "нэр төрөө хамгаалах", улс орны “хөгжлийн үр шимийг хүртэх", "улс орны энх тайван, аюулгүй байдлыг найдвартай баталгаатай" байлгахын тулд "яриа хэлэлцээ, сөргөлдөөнд хоёуланд нь бэлэн байх" шаардлагатайг онцлон тэмдэглэлээ гэж агентлаг мэдээлсэн байна. Ингэхдээ Ким Жөн Ун ялангуяа сөргөлдөөнд бэлэн байх шаардлагатайг цохон тэмдэглэв.
Умард Солонгосын удирдагч мөн "Цаг тутамд өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авч, Солонгосын хойг дахь нөхцөл байдалд тогтвортой хяналт тавихын тулд хүчин чармайлт гаргахыг" уриалжээ.
5-р сарын сүүлээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар Вашингтонд анхны нүүр тулсан дээд хэмжээний уулзалтаа хийж, Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоож, хурцадмал байдлыг бууруулах "прагматик" алхамуудыг хийхээр тохиролцсон юм. Үүний зэрэгцээ тэд яриа хэлэлцээ нь өмнөх хэлэлцээрүүд, түүний дотор 2018 онд БНАСАУ, АНУ-ын хооронд байгуулсан Сингапурын хэлэлцээрийн үндсэн дээр урагшилна гэдгийг батлав.