Мал аж ахуй, газар тариалан эрхлэгч эмэгтэйчүүдийн амьжиргааг дээшлүүлэх боломжийн судалгааг Жендерийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран, ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хийжээ. Манай улсын хөдөө аж ахуйн салбарын 84.9 хувийг нүүдлийн мал аж ахуй эрхэлж буй малчин өрхүүд бүрдүүлдэг. Тэд уур амьсгалын сөрөг нөлөөнд нэн тэргүүнд өртөж буй аж. Энэ нь орон нутагт амьдардаг өрхийн жендерийн харилцаанд сөргөөр нөлөөлж, гэр бүлийн тогтвортой байдлыг алдагдуулах шалтгаан ч болж буйг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, цөлжилт, хөрсний хуурайшилт нь мал аж ахуй эрхлэхэд хүндрэл учруулж, малчид холын нүүдэл хийх тохиолдол нэмэгджээ. Ингэснээр мал аж ахуй болон тариалан эрхлэгчдийн эрүүл мэнд эрсдэлд орж, ажлын ачаалал нэмэгдэн, гэр бүлийн гишүүд тус тусдаа амьдрахад хүргэдэг нөхцөл болдог аж. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мал цөөтэй, орлого багатай малчид илүү зүдэрч байгаа гэнэ.
Малчид эдгээр асуудлыг даван туулах, орлогын эх үүсвэрээ системтэйгээр нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бий, эсэхийг эрэлхийлэх зорилгоор говь, хангайн бүсийн долоон аймгийн сонгосон сумуудад хийсэн судалгааг танилцуулж, үр дүнг хэлэлцэх үндэсний симпозиумыг Жендерийн үндэсний хороонд өчигдөр зохион байгууллаа. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл, Өндөр-Улаан сумд малчин эмэгтэйчүүд цагаан идээгээ борлуулж, орлого олдог. Энэ нь гэр бүл дэх эмэгтэйчүүдийн байр сууринд эергээр нөлөөлөөд зогсохгүй шийдвэр гаргах эрх мэдлийг ч олгодог байна. Уг үзэгдэл нь малчин эмэгтэйчүүд гэр бүлээ тэжээх, орлого олох чадваргүй гэсэн жендерийн хэвшмэл хандлагыг үгүйсгэж байгаагийн илрэл гэж судлаачид үзжээ. Тухайлбал, “Архангай аймгийн хөдөөгийн эмэгтэйчүүдийн амьжиргааны түвшин, нөхцөл байдлыг тодорхойлох нь” судалгааг МУИС-ийн дэд профессор, судлаач М.Батбаатар хийжээ. Малчин өрх сүү, сүүн бүтээгдэхүүнээ худалдахад хугацаа их зарцуулдаг, хүн хүч хүрэлцэхгүй байх зэрэг олон асуудал тулгардгийг түүний судалгааны дүнгээс харж болно. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд цаашид малчид хорших, нэгдэх шаардлага байгааг судалгаагаар тогтоожээ.