Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны дэргэдэх Хууль тогтоомжийн хөгжлийг дэмжих дэд хорооноос Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг, “Эрх зүйн гүүр” институттэй хамтран "Олон улсын жишиг, зарчим: Үг хэлэх эрх ба худал мэдээлэл, гүтгэлэг" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.06.17) цахимаар зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Хуульчдын холбооны Зөвлөл болон Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн, “Эрх зүйн гүүр” институтын захирал Д.Оросоо нар нээж үг хэлсэн бөгөөд Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн, доктор В.Удвал удирдан явуулсан.
Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн зөвлөх Ц.Цэлмэг "Эрүүгийн хууль:Худал мэдээлэл тараах гэмт хэрэг" сэдвээр, АНУ-ын “Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв”-ийн ахлах хуульч Zachery Lampell "Олон улсын жишиг, стандарт: Үзэл бодлоо илэрхийлэх эрх, худал мэдээлэл” сэдвээр, “Эрх зүйн гүүр” институтын захирал Д.Оросоо "Xудал мэдээлэл: Xууль зүйн ойлголт, хэрэглээ" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.
Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт мэргэжлийн хуульч, судлаач, эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд 1998 онд батлагдснаас хойш нэг ч өөрчлөлт, шинэчлэлт ороогүй байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, тэр дундаа үг хэлэх эрх ба худал мэдээлэл, гүтгэлгийн эрх зүйн асуудлаар гадаад, дотоодын судлаач, хуульчдын мэргэжлийн байр суурь, орчин үeийн хандлага, ойлголтыг тодруулж, харилцан мэдээлэл, туршлага солилцсон юм.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй байх зэрэг олон чухал асуудлыг хуульчилдаг учраас Засгийн газраас тус хуулийн төслийг шинэчлэн боловсруулж буй энэ цаг үед олон улсын туршлагыг хуваалцаж, хуульчдын байр суурийг сонсож, харилцан мэдээлэл солилцсоноороо чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж буйг оролцогчид онцолж байлаа.