"Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллыг бэхжүүлэх" сэдэвт семинар эхэллээ. Семинарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, АХБ, Дэлхийн банк болон бусад байгууллагын төлөөллүүд оролцож цочролын үед аливаа хариу арга хэмжээг үр дүнтэйгээр иргэдэд хүргэх, өргөжүүлэх боломжтой нийгмийн хамгааллын тогтолцооны талаар ярилцсан байна. Семинарын нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж өөрчлөгдөж, хор уршиг нь нэмэгдсэн. Түүнчлэн дэлхий нийтэд төдийгүй Монгол Улсад "Ковид-19" цар тахлын үед хариу арга хэмжээ авах, иргэдийн амьжиргааг хамгаалахад нийгмийн хамгааллын үйлчилгээ чухал үүрэгтэй болохыг харууллаа. Үүний сонгодог жишээ нь Монгол Улсын Засгийн газраас хүүхдэд чиглэсэн нийгмийн хамгааллын тэргүүлэх хөтөлбөрөө өргөжүүлэн хэрэгжүүлж, хүүхэдтэй өрхийн 98.0 хувьд хүрч, улмаар тэдний 80.0 хувьд хямралыг даван туулах гол арга зам болсон явдал юм. Манай яамнаас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, байгаль, цаг уурын аливаа цочролд бэлэн байх, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах замаар эрсдэл, хохирлыг бууруулах, тогтолцоог сайжруулах чиглэлээр хуримтлуулсан арвин туршлага, мэдээллээ хуваалцаж, үнэтэй саналаа тусган түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө чармайж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Семинарын зорилго нь нийгмийн хамгааллын тогтолцоонд цочролд хариу үзүүлэх арга хэмжээг институтчилэх талаар Засгийн газар ба хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, зөвлөлдөх, 2019 оноос хойших уур амьсгалын өөрчлөлт болон цар тахалтай холбоотой цочролын хариу арга хэмжээнээс бий болсон баримт нотолгоо, сургамжийг танилцуулах, сүүлийн үеийн баримт нотолгоо, сургамжид үндэслэсэн бодлогын зөвлөмжийг хэлэлцэж, анхаарал шаардсан, техникийн дэмжлэг шаардлагатай гол асуудал, боломжуудыг тодорхойлох, Монгол Улсын нийгмийн хамгааллын үндэсний тогтолцоонд цочролд хариу үзүүлэх ажлыг институцчлэх цаашдын чиглэлийг хэлэлцэх юм.