Булган аймаг дахь цагдаагийн газрынхан тус аймгийн Хутаг-Өндөр сумын V багийн нутаг дэвсгэр, Айрган нуур гэх газарт энэ сарын 15-нд Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнасан гэмт хэргийг иргэн Д үйлдсэн болохыг илрүүлжээ. Улмаар бугын эвэр, мах, хөрөө, хутга зэргийг хураан авсан байна. Энэ талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас тодруулахад "Одоогоор шалгаж байна. Тодорхой хариу гарах үед мэдээлэл хийнэ" гэв.
Ийм төрлийн гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 24.5-д "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5400 нэгжээс 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.