УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалав. УИХ-ын гишүүд эхлээд “Бүх цэргийн их хар сүлд”-д хүндэтгэл үзүүлж, үргэлжлүүлэн Зэвсэгт хүчинд шинээр нэвтрүүлж буй инновац, шинэ бүтээл, оновчтой санал санаачилга шингэсэн зэвсэглэл, цэргийн техник, холбоо болон өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан үйлдвэрлэсэн цэргийн зориулалттай автомашинуудтай танилцав. Дараа нь тус яамны үйл ажиллагаа, Батлан хамгаалах салбарын 2020-2024 онд дэвшүүлсэн бодлого зорилт, хэрэгжүүлж буй ажлууд болон Зэвсэгт 29 хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл сонссон юм.
Байнгын хорооны гишүүд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд төрийн бодлогоор дэмжих нь зайлшгүй чухал гэдгийг онцолж, өөрсдийн санал бодол, байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн урьдын адил Батлан хамгаалах салбарыг зэвсэглэл, цэргийн техникээр хангах, алба хаагчдын цалин хангамж зэргийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан бодлого боловсруулж ажиллана гэв. Төгсгөлд нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр энэ үеэр хэлэхдээ “Монгол төрийн бодлого нь эх орныхоо аюулгүй байдлыг сахин хариуцаж яваа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийхээ үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэхэд чиглэдэг. Монгол Улсын Зэвсэгт хүчин өнөөдөр даян дэлхийд баатарлаг цэргийн алба хаагчдын чадварлаг үүрэг гүйцэтгэлтийн ачаар алдаршиж, хүлээн зөвшөөрсөн. Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны оролцоог төр засаг үргэлж дэмжиж ажиллана. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчин үндсэн үүрэг гүйцэтгэлтээс гадна улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтад оролцож байгаад талархаж байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин төр засгаа харж суулгүйгээр дотооддоо цэргийн зориулалттай автомашин бүтээж, зэвсэглэлийнхээ чанарыг нэмэгдүүлсэнд баяртай байна. Удахгүй 2022 оны улсын төсвийг хэлэлцэнэ. Энэ үеэр батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг дэмжиж ажиллах болно” хэмээн онцолсон юм.
Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Тус салбар богино хугацаанд их ахиц дэвшил гаргасан байна. Төсөв байхгүй гэж гар харалгүйгээр өөрсдийн нөөц бололцоо, хүчин чадлыг дайчилж, олон бүтээлч ажлын ард гарсныг хараад бахархлаа. Зэвсэгт хүчний алба хаагчдыг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах шийдвэрийг анх гаргалцаж явсан хүний нэг нь би. Тухайн үед ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангах явцад олон талаар учир дутагдалтай байсан. Олон улсын стандартад нийцсэн зэвсэглэл, цэргийн техник, тоног төхөөрөмжүүд шаардлагатай байсан тэр үетэй харьцуулахад их зүйл өөрчлөгдсөн нь өнөөдөр бүр ч их мэдэрлээ. Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ирэх бүрд энэ салбар өмнөхөөсөө шат ахисан нь мэдрэгддэг. Зэвсэгт хүчинд шинээр нэвтрүүлж буй инновацын бүтээл, зэвсэглэл, техникийг монгол инженер, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор зохион бүтээж, улмаар үйлдвэрлэж байгаа нь тун сайшаалтай. Батлан хамгаалах салбар мэдлэгт суурилсан салбар болж байгаа нь хамгийн чухал. Аливаа улсын батлан хамгаалах чадавх гэдэг нь зөвхөн цэрэг, сумаар хэмжигдэхгүй. Мэдлэг, инженерүүдийн тооцоолох ухаан, чадварт суурилдгийг мэдэрч, нөөц бололцоогоо ашигласан нь өнөөдөр дэлгэж тавьсан зэвсэглэл, техникүүдээс тодорхой харагдлаа. Цаашид энэ ажил үргэлжлэх ёстой. Харин төрөөс бодлогоор дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй” гэлээ.