Цөлжилт, хуурайшилттай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 17-нд тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий ассамблей 1995 оны нэгдүгээр сарын 30-нд зарласан юм. Дэлхийн олон улс цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталсантай холбоотойгоор уг өдрийг бий болгожээ.
НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн газраас гаргасан тайланд дэлхийн хуурай газрын дөрөвний нэг нь цөлжих аюултай тулгараад байгааг дурджээ. Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш юм. Өдгөө доройтолд өртсөн бүс нутаг дэлхийн эх газрын 42 хувийг эзэлж байна. Цөлжсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн амьдардаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогдож байгаа аж. Улмаар цөлжилтөөс үүдэн гарах хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрчээ.
НҮБ-аас гаргасан дээрх конвенцод манай улс 1996 онд нэгдэж, Монгол Улсын засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль гарган, газрын доройтол, цөлжилттэй тэмцэн ажиллаж байна.
Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь буюу цөлжилтөд өртсөн гэх тоон мэдээлэл ч бий. Үүнд байгалийн хүчин зүйлээс гадна хариуцлагагүй уул уурхай, бэлчээрийн даац хэтэрсэн зэрэг нь хамгийн хүчтэй нөлөө үзүүлж байгааг сүүлийн үеийн судалгаа, шинжилгээнд олонтоо дурдах болжээ.
Тэгвэл өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Монгол орны нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн байгааг тогтоосон байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Олон хүчин зүйлээс хамаарч байгаа ч бид нөхөн сэргээлтийг эрчимтэй хийснээр цөлжилтийг сааруулах боломжтой" хэмээн мэдээлжээ.