Монгол Улс халдварын тоогоор дэлхийд тэргүүлж, Өмнөговиос бусад аймаг халдварын голомт боллоо. Хамгийн энгийнээр хэлбэл, улсаараа улаан бүс болсон гэхэд хилсдэхгүй. Яах учраа олохгүй, хаана хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь тодорхойгүй, ямар эм уухаа ч мэдэхгүй хүмүүс олшров.
Иргэдэд санал зөвлөгөө өгдөг 119 утас руу залгаж хаана шинжилгээ өгөх боломжтой талаар асуухад “Хүндэтгэн үзэх шалтгаантай болон хөдөө орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авч байгаа. Та хувийн эмнэлэгт төлбөртэй шинжилгээ өгөх боломжтой” гэдэг хариултыг өгч байна. Гэтэл мөнгөө төлөөд өөрийгөө халдвар авсан, эсэхээ мэдэх боломжтой нэгэн байхад шинжилгээ өгөх боломжгүй хичнээн хүмүүс халдвар тээгч болоод гадуур явж байгаа бол. Нэг алхмын цаана л эрсдэл байгааг эдгээр дүр зураг харуулж буй. Ийм нөхцөл байдал үүсэхэд сонгуулийн хөл хөдөлгөөн, утгаа алдсан гавьяа шагналын ёслол болон найр, цэнгээн гол нөлөө үзүүлсэн хэмээн судлаачид үзэж буй. Үүний уршгаар цар тахал хуурай өвсөнд тавьсан түймэр лугаа адил тархаж байгааг захын нэг хүн хэлж байна.
Нөгөөтээгүүр, эрх баригчид дур зоригоороо аашилж, сонгуулийн сурталчилгаа болон шагнал, урамшуулал гардуулж байгаа нэрийдлээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүйгээр ажлаа зохион байгуулдаг. Харин хөл хориог сулруулахтай зэрэгцэн арай хийн амьсгаа авч буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дахиад л хязгаарлах шийдвэр гаргав. Тодруулбал, үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт хязгаарлалт, зохицуулалт хийж халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, хатуу хяналт тавьж ажиллахаар болов. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг энэ сарын 17-ноос долоо хоногийн хугацаатай заалаар үйлчлэхийг хориглох, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг мөн адил хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Угтаа Засгийн газрын энэ шийдвэр нь “би үхэхээр чи үх” гэдэг шиг л хувийн хэвшлийнхэнд дарамт боллоо. Бас болоогүй, халдварын нөхцөл байдал хүндхэн, эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байгаа ийм цаг үед эрх баригчид иргэдийнхээ эрүүл мэндээс илүүтэй наадмыг “чухалчлав” бололтой. Өөрөөр хэлбэл, аймаг, сумдад баяр наадмыг зохион байгуулахгүй, зөвхөн нийслэлд хийх шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргав. Чухамдаа одоогийн нөхцөл байдалд баяр наадмыг зохион байгуулах нь чухал уу, иргэдийн амь нас илүү үнэтэй юү гэдэг сонголттой бид нүүр тулаад байна. Гэтэл эрх баригчид иргэдийн эрүүл мэндээс илүүтэй наадмыг чухалчилсан шийдвэр гаргасан нь харамсалтай. Уг нь энэ үед улсын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхийг хориглож, цар тахлыг хохирол багатай даван туулахад бүх анхаарлаа хандуулах ёстой сон. Эс бөгөөс дэлхийн олонх улс биднээс жийрхэж, манайхаас зорчих иргэдийг хүлээн авахаас татгалзаж эхлэв.
Товчхондоо, дарга нар нь өөрсдийнхөө гаргасан хууль дүрмээ мөрддөггүй хэрнээ, халдварын тоо нэмэгдэхээр хувийн хэвшлийнхний хаалгыг барьж, дампууруулдаг хуучирсан арга барилаа өөрчлөх цаг нь нэгэнт болжээ. Мөн иргэдийн амь дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байхад үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулна гэх мэт утгагүй шийдвэр гаргадгаа хэзээ болих вэ эрх баригчид аа.