"Хот тохижилтын газар" ОНӨААТҮГ-аас Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ жил нийслэлийн 24 байршилд 195 мянган цэцэг суулгахаар төлөвлөсөн гэнэ. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болон цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Одоогоор 18 байршилд суулгац тарьсан бөгөөд энэ сарын 24-ний дотор тохижилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна.
Мөн Маршалын, Энхтайваны гүүр, Ленин клубээс Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын хайснууд, Сүхбаатарын талбайн гэрлийн шонгийн дэргэд савтай цэцэг байрлуулах аж. Түүнчлэн гоёлын бут, ногоон байгууламж, ургамлыг хэлбэржүүлж, зүлэг тарьж байгаа гэнэ.