УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонслоо. ХЭҮК жил бүрийн эхний улиралд багтаан уг илтгэлийг УИХ-д өргөн барьдаг. 2019 оны илтгэлийг өнгөрсөн жилийнхтэй хамт сонсож байгаа нь цар тахал болон Хүний эрхийн үндэсний комиссын бүрэлдэхүүнийг шинээр томилсонтой холбоотой юм.
19 дэх илтгэлд малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал болон хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байртай холбоотой мэдээллийг багтаажээ. Харин 20 дахь илтгэлд “Ковид-19” цар тахлын үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүний эрхийг хангах, хамгаалж байгаа үйл явцыг дүгнэхэд чиглэсэн байна. Мөн 20 дахь илтгэлд УИХ үнэлгээ хийснийг Тамгын газрын тэргүүн дэд дарга О.Номин-чимэг танилцуулсан юм. Энэ нь хүний эрхийн илтгэлд дүн шинжилгээ, үнэлгээ хийсэн анхны тохиолдол билээ. Илтгэлийн хүрээнд нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо оновчтой томъёолж, түүнийхээ дагуу бичсэн, судалгааны арга зүй нь зорилго, хамрах хүрээтэй уялдсан, шаардлагатай статистик, тоон үзүүлэлтүүдийг ашигласан гэж тэд дүгнэжээ. Гэхдээ хүний эрхийн хяналт, шинжилгээний үе шатуудыг дамжсан, зөрчил бүхий хэрэг, явдлуудыг эрэмбэлж, суурь түвшнийг тогтоосон, баримт, нотолгоог хангалттай цуглуулсан, эсэх нь тодорхойгүй байгаа талаар үнэлгээнд дурдсан байна. Мөн зөрчлүүдийг арилгах талаарх санал, зөвлөмжийг зөв зүйтэй өгсөн, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санал болгосон, эсэх болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаарх мэдээлэл тодорхой бус гэж үзсэн байна.
Энэ үеэр зарим гишүүний тавьсан асуулт, байр суурийг хүргэж байна.
Б.Энхбаяр:
-ХЭҮК-ын гишүүдийг томилох үеэр “Зоригтой ажиллаарай” гэж хэлж байсан. Та бүхэн боломжийн ажиллаж байна. Ер нь комиссын тайлан илтгэлтэй УИХ-ын гишүүд сайн танилцах хэрэгтэй. Энэ удаагийн илтгэл нэлээд дэлгэрэнгүй, олон талын баримтыг хөндөж бичсэн байна. Үүний мөрөөр УИХ шаардлагатай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх, хянаж шалгах гэх мэт бодлогын арга хэмжээ авах ёстой. Цар тахлын хугацаанд УОК-ын үйл ажиллагаа, шийдвэрт олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж, хүний эрх зөрчиж байгааг удаа дараа хэлж ирсэн. Үүнд комисс хяналт тавьж ажилласан уу. Ямар зөвлөмж, шаардлага гаргасан бэ. Ингэхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгарсан бэ. Засгийн газар та бүхний шаардлагыг хэр хэрэгжүүлсэн бэ. “Ковид”-ын гэх хуулийн үйлчлэл ирэх сард дуусна. Энэ хуулийн үйлчлэх хугацааг сунгах, эсэх тухайд ямар байр суурьтай байна вэ. Миний хувьд эргэлзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар дамжуулан хүний эрх, үндсэн эрх чөлөөг хязгаарлах боломжийг цаашид бий болгохгүйн тулд үйлчлэх хугацааг нь сунгахгүй байх нь зүйтэй.
Ж.Хунан (ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч):
-Бид дотооддоо зохион байгуулалт хийж, УОК, цар тахалтай холбоотойгоор ирүүлж байгаа гомдлыг хоёр гишүүн маань дагнан шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэ хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүн солигдсон. Бид эхлээд шалгахаас илүүтэй дэмжиж, зөвлөх байдлаар хамтран ажиллах саналыг УОК-т тавьсан. Засгийн газар солигдсоноос хойш УОК-ын хуралд манайхаас төлөөлөл оролцох боломж бүрдээгүй. Бид удаа дараа хүсэлт тавьсан ч оролцуулаагүй. Комиссын даргад манайхаас дөрвөн удаа шаардлага хүргүүлснээс нэгт нь хариу ирүүлээгүй. Аймгийн онцгой комисст нэг шаардлага хүргүүлсэн. Таван удаа зөвлөмж гаргасны хоёр нь УОК-т хамаарна. Үүнээс нэгэнд нь хариу өгөөгүй. Хуулийн дагуу ХЭҮК-ын шаардлагад 30, зөвлөмжид 60 хоногийн дотор хариу өгөх ёстой. Мөн хугацаагүй зөвлөмж гаргах эрх бидэнд бий. Ийм 10 зөвлөмж гаргасны нэг нь УОК-т хамаатай. Сүүлд УОК-ын даргатай уулзахын тулд цаг авах гээд албан бичиг илгээсэн ч хариу аваагүй байна.
Б.Энхбаяр:
-УОК-ын шинэ бүрэлдэхүүн ХЭҮК-ын төлөөллийг яагаад хуралдаандаа оролцуулахгүй байгаа юм бэ. ХЭҮК бол жирийн байгууллага биш. УИХ-ыг төлөөлж монгол хүний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа, эсэхэд хяналт тавих үүрэгтэй байгууллагын төлөөллийг оролцуулалгүй шийдвэр гаргаж байгааг гайхлаа. Үүнд УИХ, Хууль зүйн байнгын хороо дүгнэлт хийх ёстой. Улмаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх, эсэх талаар ч ярилцах боломжтой. Ер нь ямар нийтлэг эрхийг зөрчиж байна гэж үзэж, энэ олон шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн бэ.
Ж.Хунан:
-Ихэвчлэн зохион байгуулалтын, өөрөөр хэлбэл, байгууллага хоорондын уялдаа холбоо, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь “Ковид”-ын гэх хуульд заасан хүний эрхийн зар- чимд үндэслээгүй гэх агуулгатай байсан.
Н.Алтанхуяг:
-ХЭҮК-ын дарга нь хаана байна вэ. Зарим нэг гишүүн нь өөр ажилд шилжих гээд өргөдөл өгсөн сураг байсан. Монголд хүний эрхийг дээдэлдэг болоогүй байхад 360 хуудастай номыг мянга мянгаар нь тараадгаа болих хэрэгтэй. Танай байгууллага танхимд сууж хууль, дүрэм ярьсан хүмүүсийн цуглуулга боллоо. Төрийн ордон тойроод, гишүүдийг лоббидож, цаас үйлдвэрлэснээр хүний эрх хангагдахгүй. “Энхсаран” сувилалд тусгаарлагдахдаа тэнд үүссэн асуудлыг илчилсэн залууг Зөрчлийн тухай хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн. Мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж ярьж байсан. Үнэнийг хэлсний төлөө ийм шийтгэл хүлээдэг байж таарахгүй. Цар тахлаар далимдуулан хү- мүүсийн үг хэлэх эрх чөлөөг хааж, боодог боллоо. Ил тод байдал улам хумигдаж, хаалттай болж байна. Тэр дундаа эрх баригчид, төрийн албан хаагчид, “цүнх баригчид” хүний эрхийг ноцтой зөрчиж байна шүү дээ. Анх та бүхнийг сонгогдож байхад би “Ном уншихаас илүү амьдрал мэддэг, зоригтой хүний хийх ажил” болохыг хэлж байсныг санаарай. Монголчууд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрчихлээ. Үндсэн хуульд заасан хүний эрхийн 18 заалтын талаар ХЭҮК 21 дүгээр илтгэлдээ тусад нь оруулах хэрэгтэй. Эдгээрээс тавд нь та бүхэн онцгойлон анхаарна уу. Үндсэн хуулийн хүний эрхийн заалтууд нь сайн. Харин сүүлийн үед органик хуулиудыг өөрчилснөөр хүний эрх зөрчих боломжийг бүрдүүлчихлээ. Иймд Үндсэн хуулиасаа давсан заалтуудад анализ хийгээрэй. Хэн нэгний эсрэг биш, тогтолцоогоороо зөв болох ёстой.
Ж.Хунан:
-ХЭҮК-ын шинээр томилогдсон гишүүд өнгөрсөн оноос ажлаа хүлээн авч, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаа бидэнд том сорилт байлаа. Хөл хорио тогтоох, алба хаагчдын аюулгүй байдлыг хангахын тулд орон тооныхоо арван хувиас хэтрүүлэхгүйгээр цуглан ажиллаж байсан. Энэ хугацаанд 40 объектод ажиглалт хийлээ. Мөн орон нутагт өөрсдийн нөөц бололцоогоор ажилласан. “Энхсаран” сувилалтай холбоотой, иргэн Д.Мөнхбатын талаар холбогдох хүмүүсээс тайлбар авч байгаа.
Г.Нарантуяа (ХЭҮК-ын гишүүн):
-Иргэн Д.Мөнхбат үзэл бодлоо илэрхийлэх эрх нь зөрчигдсөн гэж гомдол гаргасан. “Ковид”- той холбоотой гомдлыг шийдвэрлэхдээ тухайлсан асуудал биш, тогтолцоогоор нь харж, үйл баримтыг тогтоож, хүний эрхийг зөрчсөн хэсэгт дүгнэлт өгч байна. Иргэн Д.Мөнхбаттай холбоотой хэд хэдэн нарийн асуудал бий. Тусгаарлалтад байх хугацаанд иргэний мэдээлэл авах болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан гэж гомдол гаргасан. Нөгөө талаас УОК-ын Шуурхай штаб тусгаарлалтыг хэрэгжүүлж буй байгууллагын зүгээс хууль, тогтоомжийн дагуу ажилласан гэж байгаа. Гэтэл зарим нь эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас тусгаарлалтын байранд халдварт өвчин гарсан гэдэг. Хүний эрх чөлөө бол тэнцвэрийн асуудал. Бид нотлогдож буй баримтад тулгуурлан дүгнэлт хийдэг. Д.Мөнхбатад холбогдох зөрчлийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаарх гомдлыг ХЭҮК шалгаж байна. ХЭҮК-ын Гомдол шалгах хэлтэс таван хүнтэй. Өнгөрсөн хугацаанд 600 гаруй гомдол шалгалаа. Хүн хүч дутагдаж байгаа тал бас бий.
С.Бямбацогт (Хууль зүйн байнгын хорооны дарга):
-УИХ-ын дарга гишүүд дотроос нь сонгон, санал болгож комиссын даргыг томилдог. Одоогоор УИХ-ын дарга хэнийг нь ч санал болгоогүй байна.
Д.Ганбат:
-Шинжилгээ, судалгаанд суурилсан арга хэмжээ авч ажилласан бол зургадугаар сарын 15 гэхэд “Ковид”-ын тархалтыг хяналтад авчихсан байх ёстой. Эрх баригчид ч ингэж амласан. Гэтэл одоо ямар ч хяналтгүй боллоо. Залуучууд энэ улсаас зугтаж байна. “Ковид”-той болохоор ч гарч чадахгүй байх шиг. Монголд “ардчилсан улс” гэдэг нэр төдий зүйл л үлдлээ.
Ж.Сүхбаатар:
-Дорнод аймагт халдвар авсан хүнийг сумынхан нь гадуурхаж байгаа талаар нийгмийн сүлжээнд мэдээлсэн. Ийм асуудал хэр байна вэ. Хоёрдугаарт, 119 дугаар луу залгахаар авдаггүй юм билээ. Харилцах сувгаа хаачихаар яах юм бэ. Гуравдугаарт, хү- чирхийллийн хэргийг хариуцах тусгай мөрдөгч хэрэгтэй. Ингэж тусгай алба хаагчдыг ажиллуулахгүй бол хохирогч хэргээ ярьж чадахгүй байна. Энэ талаар та бүхэн юу бодож байна вэ. ХЭҮК-ын зузаан илтгэлийг гишүүд унших хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар халдвар авсан олон иргэн гэртээ байна. Үндсэндээ төр, иргэн хоёрын холбоо тасарсан. Витамин, эмийн үнэ шууд өсөж байна. “Арбидол” эм 6000 төгрөг байснаа 30 мянга болчихлоо. Эрүүл мэндийн яамныхан нөхцөл байдлын талаарх мэдээллийг тодорхой ярихгүй байна.
Ж.Хунан:
-Ялгаварлан гадуурхаж байгаа талаар бид хэлсээр ирсэн. Ямар ч тохиолдолд ялгаварлаж болохгүй. Илтгэлдээ ч энэ талаар тусгасан. Иргэдийн хандлага, бусад хүчин зүйлийг харгалзах шаардлагатай.
Б.Энхболд (ХЭҮК-ын гишүүн):
-Цар тахлын үед хүчирхийлэл энгийн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн. Үүнтэй холбогдуулан УЕПГ, Цагдаагийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага хүчирхийлэлтэй холбоотой, хохирогч төвтэй хэргийг шалгаж эхэлсэн. Арай өөр арга барилаар хандаж байна. Дүрэм, журмыг ягштал мөрддөг гэдгээ хэлдэг ч хохирогчтой уулзахад энэ дүр зураг өөр байдаг.