Манай улс энэ оны эхний таван сард улаан лооль 262.3, өргөст хэмх 270.9 мянган кг-ыг урд хөршөөс импортлоход нийт 159 000 орчим ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ. Энэ нь өнгөрсөн жилийн 1-5 дугаар сарынхаас худалдан авсан бүтээгдэхүүний хэмжээ 195 000 кг, зарцуулсан хөрөнгө 50 000 гаруй ам.доллароор өссөн дүн юм. Нөөшилсөн, хөлдөөснөөс бусад буурцагт ургамал, нарийн ногоо импортлоход сүүлийн хоёр жилд 80 000 орчим “но гоон” төлсөн бол 2018-2020 онд жил бүр бүх төрлийн нарийн ногоо 15 000-16 000 тонныг худалдан авчээ. Харин дотоодоос жилд 5500 орчим тонн (голдуу өргөст хэмх, улаан лооль) зах зээлд нийлүүлснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Иргэд өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүүг хүнсэндээ ихээр хэрэглэдэг бол сүүлийн 2-3 жилд худалдан авах нь тогтмол өссөн хүнсний ногоонд ягаан болон цэцэгт байцай, эрдэнэшиш, шар лууван, навчит ургамлууд багтсан аж. Ер нь 2010 оноос монголчуудын нарийн ногооны хэрэглээ, зарцуулах хөрөнгө тогтмол нэмэгдэн, бүтээгдэхүүний үнэ ч тасралтгүй өссөн нь статистикаас харагдаж буй.
Тэгвэл дотооддоо нарийн ногоо илүү их тарих, үнийг нь тогтворжуулахад хувь нэмэр оруулах, улмаар өрхүүд болон компаниуд хүлэмжийн аж ахуйгаас орлогоо өсгөх боломж хэр байгааг сонирхов. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2009-2019 онд зоорь, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулж хөнгөлөлттэй нөхцөлөөр 1.7 тэрбум гаруй төгрөгийн зээл олгожээ. Энэ нь уг сангаас олгодог 10 орчим салбарыг дэмжих санхүүжилт дундах хамгийн өндөр дүн аж. Ийм зээлийн санхүүжилт болон иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр барьсан зуны хүлэмжийн талбай улсын хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар 60 000, өвлийнх 27 га-д хүрсэн хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлэв. Тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат “Одоогоор өвлийн зургаа орчим га хүлэмж ашиглаж буй. Тэгэхээр 20 гаруй га талбай “хоосон” байна гэсэн үг. Цөөнгүй аж ахуйн нэгж өвлийн хүлэмж бариад технологи нь буруудав уу, ажиллаж чадсангүй юу ургац аваагүй юм билээ. Уг нь хүйтний улиралд цахилгааны шөнийн тарифыг тэглэх, сайжруулсан түлшний үнийг хямдруулах зэрэг арга хэмжээ авч буй. Ер нь хүлэмжийн аж ахуйн өртөг өндөр, нэг га талбайд дөрвөн улирлынхыг барихад 2.5 сая ам.доллар зарцуулдаг нь санхүүжилт олоход бэрхшээл үүсгэдэг” гэлээ. Сүүлийн гурван жилд БНСУ-д үйлдвэрлэсэн тус бүр 32 ам метр талбай бүхий 288 ширхэг, иж бүрдэл нийлэг хальсан хүлэмжийг 30 хувийн урьдчилгаатай, дөрвөн жилийн хүүгүй зээлээр хүнсний ногоо тариалагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосныг дурдсан юм. Түүнчлэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”ний хүрээнд хөдөө аж ахуйг дэмжих зээлээс 100 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуй болон хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд олгож буй гэсэн. Гэхдээ шинээр хүлэмж барихад зээл өгөхгүйг онцлов. Тодруулбал, өвлийн хүлэмжтэй (цахилгаанаар халаадаг, шаардлага хангахуйц) бол нэг ам метр тутамд нь 40 000, нийлэг хальсан хүлэмжтэй бол ам метр бүрт нь 15 000 төгрөгөөр тооцон нэг жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл авах боломжтой гэнэ. Энэ нь хүлэмжээ томруулах, зуных бол дулаалж, сайжруулахад нь дэмжлэг үзүүлж буй хэлбэр аж.
Баянзүрх дүүргийн XXII хорооны иргэн н.Чулуунбатынх 0.07 орчим га хэмжээтэй хашаандаа 380 орчим ам метр талбай бүхий дөрвөн хүлэмжтэй бөгөөд зунд тэдгээрийгээ бүрэн ашиглан өргөст хэмх тариалдаг юм байна. Харин өнгөрсөн өвөл анх удаа өвлийн хүлэмжээс ургац авчээ. 100 орчим ам метр талбайтай, өвлийн хүлэмжээс 60-70 хоног тутам 1500 кг ургац авах боломжтой ба тэднийх өргөст хэмхээ нэг кгыг нь 9000 төгрөгөөр борлуулсан нь чамгүй өндөр дүн болж. Одоо зуны хүлэмжүүдээ өвлийнх болгочихвол дөрвөн улиралд ашиглан, орлогоо ахиулах боломжоо өсгөхөө тэрбээр хэлж байна. “Монгол тун хүйтэн учраас яаж ч дулаалж, халаагаад гялгар уут, плёнк оролцуулж хийсэн хүлэмж өвөл ашиглах хэцүү. Цахилгааны зардал ихтэй бөгөөд ганц цаг хүрэхгүй хугацаанд л ногоо даарвал шууд “үхэж”, ямар ч найдваргүй болдог. Цөөнгүй айл, жижиг аж ахуйн нэгж багагүй зардал гарган өөрсдийн арга, технологиор дөрвөн улирлын хүлэмж бариад өвөл ургац авалгүй “шатсан”. Гэтэл чанартай, тэсгим хүйтнийг давахуйц зөв технологитой хүлэмж барихын тулд хөрөнгө их шаардана. Би энэ жил зээл авах гэтэл хүлэмжид зориулсан нь байхгүй гээд банкууд халгаахгүй байна” гэж н.Чулуунбат өгүүллээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн VII хорооны иргэн, өрхийн аж ахуйтан Б “Манайх 0.07 га хүрэхгүй хэмжээтэй хашаандаа 10 гаруй төрлийн хүнсний ногоо, жимсний мод тариалж, 200 ам метр талбайтай хүлэмж ашигладаг. Хүлэмжээсээ бид ид хүйтнээс бусад үед (11-3 дугаар сар) 50-60 хоногт 200 орчим кг өргөст хэмх, улаан лооль хураадаг. Өөрсдөө хийж, гар аргаар дулаалсан, зарим үед гал түлдэг учраас хүлэмж хүйтний ая даахгүй юм. Өвөл ашигладаг болгоё гэхээр хашаа, хүлэмжийн хэмжээ жижиг болохоор зарцуулсан хөрөнгөө нөхөхөд бэрхшээлтэй болов уу гээд шамддаггүй. Том хашаа, зуслангийн газартай айлууд хүлэмж бариад ногоо таривал өрхийн хэрэгцээгээ хангах төдийгүй орлогоо ахиулах боломжтой талаар би цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, сургалт ч хийж байсан. Хүмүүс “Нарийн ногооны үнэ өслөө, хүлэмжийн аж ахуй эрхлэн мөнгө олъё” гэж хэсэг шуураад, надаас зөвлөгөө авъя гэчихээд удалгүй чимээгүй болчихдог. Ажил хэрэг болгоод, жижиг, дунд хэмжээтэй хүлэмж бариад, өрхийн аж ахуйгаа тордоод явбал боломж бүрэн бий” хэмээн ярив. Эндээс харахад хашааныхаа зай талбайг ашиглан зун, өвлийн хүлэмж барьж, аж ахуй эрхлэхээр хичээн, хөдөлмөрлөж буй хүн цөөнгүй байна. Хүлэмжтэй, аж ахуйтай болоход зааж сургая, туслая гэх нь ч байхад сонирхохоос цаашгүй хандан, ажил хэрэг болгохгүй иргэн олон байдаг бололтой. Нөгөөтээгүүр, их хэмжээний хөрөнгө оруулж, нарийн ногоо тарихаар төлөвлөж буй аж ахуйн нэгжүүдэд өгөх зээл одоогоор алга. Тиймээс хүлэмжийн аж ахуй Монголд хөгжин, хөлөө олж, бид дотоодод үйлдвэрлэх бүтээгдэхүүнийхээ хэмжээг ахиулахад цаг хугацаа чамгүй зарцуулах бололтой.
Ташрамд дурдахад, Баянгол дүүргийн XIX хороонд байрлалтай “Баянгол”, “Хороолол” хүнсний захад өчигдөр өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүүний үнэ 7000-12 000 төгрөгийн үнэтэй байсан нь өнгөрсөн жилийн энэ үеийнхээс дунджаар 20 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн салатны навч, бууцай, юуцай зэрэг ногооны ханш ч сүүлийн нэг жилд 20-30 хувиар нэмэгдсэнийг борлуулагчид нь хэлж байна.