Эрдэнэс Монгол” хэмээх айлыг үүсгэн байгуулаад, 14 жилийн нүүр үзжээ. Стратегийн ордуудын хувьцааг эзэмшүүлэх, менежментэд нь оролцуулах, “Хүний хөгжил” санд орлого төвлөрүүлэх зорилгоор Засгийн газраас энэ компанийг анх байгуулсан. Тэгвэл өдгөө стратегийн ордуудын хувьцааг эзэмшүүлэх гэхээсээ илүү стратегийн төслүүд хэрэгжүүлэх компани болж хувираад байна. Үүнээс гадна Монгол Улсад төрийн өмчит корпорац төлөвших анхны бодит жишээ болж буй. Алдаа, оноо ч цөөнгүй байгаа. “Эрдэнэс Монгол” компанийн засаглалд судлаачид ихээхэн эргэлздэг. Ний нуугүй хэлэхэд муу засаглалтай гэж үздэг. Эл аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Засгийн газар гүнзгий оролцдог учраас ийм үнэлгээ авдаг хэрэг. Уг нь бизнесийн зарчмаар хөгжүүлэх нь зөв ч өнөөдрийн улс төрийн бохир соёлд энэ нь бүтэшгүй мөрөөдөл юм. Тиймээс бизнесийн зарчмын хувьд маш муу төлөвшилтэй компани гэж дүгнэж болно.
Тус компанийн 2020 оны тайланд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Ганбат нь “Манай компани 2020 онд 65.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 55.9 тэрбумын зардал гаргаж, 7.66 тэрбумын ашигтай ажилласан. Нэгдлийн хэмжээнд 361.4 тэрбум төгрөгийн орлого олж, 295.4 тэрбумын зардал гарган, 17 тэрбумын татвар, хураамжийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллалаа. Нэгдлийн хэмжээнд 2020 онд эрчим хүчний зориулалтаар 6.05 сая тонн нүүрс олборлож, 18.3 сая тонн коксжих нүүрс, “Оюутолгой” төсөл 728.2 мянган тонн зэсийн баяжмал, “Салхит” төслийн хүрээнд 1511 тонн мөнгөний баяжмал, 200.1 мянган тонн хүдэр экспортолсон дүнтэй байна” гэж дурджээ. Тэрбээр өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа билээ. Тэгвэл гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нь “Удирдлагын багийн зүгээс охин, хараат компаниудыг бодлогын удирдлагаар ханган засаглалыг нь сайжруулах, хоорондын уялдаа холбоог жигд, тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна” гэж онцлон тэмдэглэжээ. Д.Хаянхярваа нь ДарханУул аймгийн Засаг дарга, дараа нь УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажилласан гэдгийг иргэд мэднэ.
Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг улстөрчид удирдаж байна гэсэн үг. Төрийн өмчит компани үйл ажиллагаа явуулахад улстөрийн нөлөөлөл чухал байж болно. Гэхдээ энэ нь бизнесийн зарчмыг алдагдуулдаг гэмтэй. Тиймээс төрийн өмчит корпорацын засаглалыг хэрхэн сайжруулсан бусдын туршлагаас суралцах хэрэгтэй. Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Сингапурын “Темасек”-ийн загвараар засаглалыг хөгжүүлэх санаачилга гарган, хэрэгжүүлэх алхмууд хийж байв. Манайхан “Темасек”-ээс гадна Казахстаны “Самрук казына”, Малайзын “Казанах насионал” корпорацын засаглалыг судалсан. Эдгээрийн нийтлэг тал нь корпорацын эзэн нь Засгийн газар байна, харин үйл ажиллагааг нь бизнесмэнүүд хэрэгжүүлнэ гэсэн засаглалын зарчимтай юм. Манайд бол Засгийн газар эзэн нь агаад үйл ажиллагааны менежментийг нь улстөрчид хэрэгжүүлж байна. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааг улстөрчид хэрэгжүүлж буй тул учир дутагдалтай байх нь аргагүй.
Сингапурын “Темасек” корпорацын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 30 хувийг Төвбанкных нь ерөнхийлөгч, Сангийн сайдаар ажиллаж байсан, санхүү, эдийн засгийн өндөр мэдлэг, туршлагатай хүмүүс, мөн 30 хувийг нь судлаачид, үлдсэнийг нь гадаад, дотоодын өндөр мэргэшиж, амжилт гаргасан бизнесмэнүүдээр бүрдүүлдэг онцлогтой. Үүгээр зогсохгүй Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийнх нь олонх нь хараат бус байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг тусгай шаардлагын дагуу сонгон шалгаруулж, улсын Ерөнхийлөгч нь томилдог. Өөрөөр хэлбэл, эцсийн шийдвэрийг эзэн гаргадаг гэсэн үг.
“Темасек” корпорац сүүлийн жилүүдэд жилд дунджаар 17 хувийн өсөлттэй ажиллаж буй. Үүнийг сайн засаглалын механизм бүрдүүлсэнтэй нь судлаачид холбон тайлбарладаг. Тиймээс бусад орон тэдний жишгийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр “Эрдэнэс Монгол”-д хийх эхний цэвэрлэгээ нь улс төрийн нөлөөг нь салгах юм. Улс төрийн нөлөөллөөс салгаж, бизнесийн зарчимд нь шилжүүлбэл уг компанийн үйл ажиллагаа илүү сайжрах нь ойлгомжтой. Товчхондоо, Засгийн газар эзний үүргээ гүйцэтгэж, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаанд нь оролцдог, бодлогоо шингээдэг байх хэрэгтэй. Түүнээс биш, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцож, хүний нөөцөө бүрдүүлэхэд нь хүртэл гар дүрээд байвал энэ компани өндөр өгөөжтэй ажиллаж чадахгүй. Харьцуулж үзвэл, “Эрдэнэс Монгол” 2007 онд зэрэг байгуулсан хувийн компаниас хавьгүй бага өсөлт гаргасан байж мэднэ. Тэгэхээр үйл ажиллагааг нь бизнесийн багт шилжүүлэх нь зүйтэй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан Үндсэн хуулийн 6.2-т тусгасан заалтыг хэрэгжүүлэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль боловсруулж буй. Уг хуулийг баталсны дараа “Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг нийцүүлэн батлах гэнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл олон нийтэд нээлттэй болоогүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр сангийн хөрөнгийг бүрдүүлэхэд “Эрдэнэс Монгол” компани гол үүрэгтэй оролцох аж. Тус компанийг “Хүний хөгжил” сангийн хөрөнгийг бүрдүүлэхэд гол үүрэгтэй байхаар байгуулж байсан. Дараа нь иргэдэд бэлэн мөнгө тараах зорилготой байгуулсан “Хүний хөгжил” санг татан буулгаснаар “Эрдэнэс Монгол” сангийн хөрөнгө төвлөрүүлэх үүрэггүй болсон билээ. Тэгвэл энэ компанид дахин сангийн хөрөнгө бүрдүүлэх үүрэг ногдох нь.
“Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны дийлэнхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар шиг ажилладаг гэсэн үг. Ийм нөхцөл үүсгэсэн нь тус компанийг бизнесийн зарчмаас нь улам холдуулдаг юм. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн доор дахин оруулахдаа үйл ажиллагааг нь Компанийн тухай хуулиар зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Үнэхээр эл компанийн үйл ажиллагааг сайжруулж, байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүртээ тэгш хүртээх хүсэл эрмэлзэл Засгийн газарт байгаа бол үйл ажиллагааг нь Компанийн тухай хуулиар зохицуулахаас өөр гарцгүй. Хэрэв байгалийн баялгийг иргэн бүртээ тэгш хүртээнэ гэсэн үг хоосон лоозон бол Засгийн газар ийм арга хэмжээ авахгүй. Тус компанийн өнөөгийн соёлыг өөрчлөхгүй бол компанийн үйл ажиллагааны өгөөж нэмэгдэхгүй, мөнөөх үг хоосон лоозон болж хоцорно. Тэгэхээр “Эрдэнэс Монгол” компанийг улс төрийн нөлөөнд автуулж буй эрх зүйн орчныг цэвэрлэж, зөв зам дээр нь гаргах шаардлагатай гэсэн үг.
Өнгөрсөн оны эцсийн үйл ажиллагааны тайлангаас нь харвал “Эрдэнэс Монгол” компани 14-16 (тоо нь зөрөөд байна) охин, хараат, төслийн нэгжтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийг хэрэгжүүлэх төслөө сайтар судлаагүй байж компани байгуулан улс төрийн шахааны хүнийг гүйцэтгэх захирлаар нь томилж, өндөр цалин олгож байна гэх шүүмжлэл гарах болсон. “Эрдэнэс Монгол” компаниас сул цалин авдаг хүнээс “Та энд юу хийдэг вэ” гэж асуутал нөгөөх нь “Юу ч хийдэггүй” гэж хээвнэг хариулсан талаар тус компанийнхан өөрсдөө онигоо болгон ярьдаг юм. Тэгэхээр шахааны хүмүүст сул цалин олгодог нь үнэний ортой дог. Тус компанийн орлогын ганц эх үүсвэр нь “Гашуунсухайт авто зам” компанийн авто замаар нүүрс тээвэрлэсний төлбөр. Түүгээр амьжиргаагаа болгодог. Арав гаруй жил үйл ажиллагаа явуулсан төрийн өмчит корпорацын хувьд энэ бол маш муу үзүүлэлт. Үүнээс илүү орлого олж, өгөөж нэмэгдүүлэх боломж байсан уу гэвэл маш их.
Одоо тус компанийн бүтцэд бодлогын хувьд хүлээн зөвшөөрөгддөггүй хэд хэдэн компани бий. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хамаатай алт цэвэршүүлэх, Говьсүмбэр аймагт төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр, Эрдэс баялгийн бирж байгуулах төсөл бодлогын дэмжлэг авахгүй байгаа. Мөн ШивээОвоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн БНХАУ руу эрчим хүч экспортлох өндөр хү¬ чин чадалтай цахилгаан станц байгуулах төслийг Эрчим хүчний яамныхан бодлогын хувьд дэмждэггүй. Засгийн газрын бодлого чиглэлтэй зөрдөг учраас дээрх компаниуд үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн үг. Тэгэхээр захирал, ажилтнууд нь сул цалин аваад сууж байхаас өөр яах вэ. “Эрдэнэс Монгол”-д хийх дараагийн цэвэрлэгээ нь хэрэгжүүлэх төсөл нь бодлого нь нийцээгүй, үр ашиггүй нь тодорхой болсон компаниудыг татан буулгах. Ийм нөхцөл дахин үүсгэхгүйн тулд “Эрдэнэс Монгол” компанийн шинэ дүрэмд аливаа төсөл хэрэгжүүлэхдээ шууд компани байгуулахыг хориглож, төслийн нэгж байгуулан үйл ажиллагааг нь сайтар судалсны дараа шийдвэр гаргадаг байх талаар тусгаж өгөх хэрэгтэй. Төрийн мөнгө уйлдаггүй гэсэн хандлагаар хандсаар байвал энэ компани олон нийтэд бодит өгөөж хүртээх хэмжээнд мөддөө хүрэхгүй. Ташрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг “Эрдэнэс Монгол”-д албан ёсоор эзэмшүүлэн бизнесийн зарчмаар нь ажиллуулах нь зохистой агаад хэтдээ тустай