Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр ойр орчмын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж, ажилласан билээ. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг аж. Үүнээс 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй, зарим компани нь шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргыг бургасны дээр асгаж, гэмтээж байсан юм. Иймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын эрэг дагуу амины орон сууц барих зориулалтаар газар эзэмшиж байсан 19 аж ахуйн нэгжийн ашиглах эрхийг хүчингүй болголоо.
Тус аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан газар нь:
- НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоол /Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүс”, “Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалт”-ын бүсэд орсон/
- БОАЖЯ болон БХБЯ-ны сайдын хамтарсан 2018 оны А/0201 дүгээр тушаал /УБ хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалт”-ын бүсэд орсон/
- БОНХАЖЯ-ны сайд, БХБЯ-ны сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал /Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг зөрчсөн/
- Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, Авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасст өртсөн учраас газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна.
Эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байршилд автомашины 10.5 метрийн өргөн, хоёр эгнээ бүхий урсгалтай, 1.5 метрийн өргөн дугуйн зам, явган хүний зорчих хэсэг бүхий хатуу хучилттай зам тавих гэнэ. Мөн Зайсангийн гүүрнээс Их Монгол Улсын гудамж буюу Маршлын гүүр хүртэл Туул голын далан дагасан 2.5 метр өргөн, 2.3 км урт дугуйн зам тавихаар төлөвлөж, газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв. Тус байршилд авто болон дугуйн замыг ашиглалтад оруулснаар ачаалал багасах, зорчигчид зам тээврийн осолд өртөхгүй байх нөхцөл бүрдэнэ хэмээн албаныхан үзэж буй.