Монголын урчуудын эвлэлийн гишүүн, залуу зураач, гэр бүлийн авьяаслаг уран бүтээлч Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нарыг “Хос багана” буландаа урилаа. Тэднийг нүүдэлчдийн соёл, монголчуудын язгуур аж төрөхүйг уран бүтээлдээ тусган илэрхийлдэг хэмээн мэргэжил нэгтнүүд болон дүрслэх урлагт шимтэгсэд үнэлдэг. Хамтран 10 гаруй үзэсгэлэн дэлгэсэн гэр бүлийн хостой ярилцсанаа хүргэе
-Уран бүтээлч хүмүүс учраас одоо ямар уран бүтээлүүдэд ажиллаж байгаа талаар эхлээд асууя?
Т.Өлзийжаргал: -Монголын урчуудын эвлэлээс уламжлал болгож зохион байгуулдаг “Монголын сайхан орон” үзэсгэлэнд оролцохоор бэлдэж байна.
А.Өлзийжавхлан: -Үзэсгэлэнгээ толилуулаад удаагүй болохоор одоохондоо шинэ санаануудаа нэгтгэн, төлөвлөөд, бодож байна. Хийлч Ч.Дэлгэрцэцэг уран зурагт их дуртай. Түүний уран бүтээл, хэв маягаас сэдэвлэсэн бүтээл туурвих санаа бий.
-Өнгөрсөн сард “Огторгуйн нүүдэл” хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэлээ. Ямар онцлогтой байв?
Т.Ө: -Энэ удаагийн үзэсгэлэн Монгол үн - дэснийхээ язгуур соёл, түүх, домог ахуйг харуулснаараа онцлогтой байлаа. Бидний зүгээс үзэгчдэд толилуулж буй бүтээлийн ээлжит нүүдэл гэж болно. Нэг үзэсгэлэнгээс дараагийнх хүртэлх оюуны нүүдэл юм уу даа.
А.Ө: -Хөл хорио, цар тахал гээд бид урьд өмнө туулаагүй эрсдэлийг давж байна. Эрүүл байх гэдэг юунаас ч үнэтэйг ойлгож, амьдралын шинэ хэв маягтай болж буй. Тиймээс юуны түрүүнд сэтгэл оюуны жинхэнэ “органик хүнс”-ээр бэлэг барихыг хүссэн. Ер нь боловсрол, оюун ухаан, ухамсрын төлөвшил нь шинэ хувцас өмсүүлэхтэй адилгүй тул аажимдаа хувь хүнийг, нийгмийг, улс орныг гайхамшигтай соёлтой, аз жаргалтай болгодог гэж би ойлгодог. Монголчууд эх хэл, түүхээрээ дэлхийг гайхшируулсаар ирсэн. Үүнийг зохиомлоор гоё, ганган болгох шаардлагагүй. Нүүдэллэн амьдрахдаа соёл, түүх, дуу, бүжиг, хэл гээд нандин бүхнээ тээн амьдардаг ард түмэн монголчуудаас өөр байхгүй. Нүүдэллэдэгтэйгээ адил сансар, огторгуйгаар ч “нүүж”, сонирхон судалж байсан эртний ард түмэн тул түүгээр бахархан үзэсгэлэнгээ “Огторгуйн нүүдэл” гэж нэрлэсэн юм. Огт оргүй юм гэж монголчуудад үгүй.
-Ханьтайгаа хэчнээн үзэсгэлэн хамтран гаргасан бэ. Гар сайн нийлдэг үү?
А.Ө: -Арав гаруй үзэсгэлэн дэлгэжээ. Хэн нэг нь бие даасан үзэсгэлэн гаргаж болно л доо. Гэхдээ хэнд үзүүлэх, хаана гаргах, уран зургийн үзэгч хэр олон, нийгэм ямар билээ гээд л бодоход зориод ирж буй хүнд аль болох сонголттой, олон онгө төрхтэй, гэгээн сайхан үзэл бодол төрүүлэхүйц зургууд байвал сонирхолтой биз дээ. Өнөөдөр үзсэн үзэгч магадгүй дараагийн үзэсгэлэнд ирэхдээ илүү мэдрэмжтэй болчихсон, өөрт нь хэрхэн нөлөөлснийг ярих ч “Хариуцлагаа эхэнд, эрхээ дараа нь тавьж байгаасай” юм бил үү. Тиймээс хамтарч үзэсгэлэн гаргах нь сонирхолтой байдаг.
-Гэр бүлийн хүмүүс уран бүтээлийн хамтрагч байх амар уу?
Т.Ө: -Амар. Бид нэг нэгэндээ сайн найз, хамтрагч байж чаддаг. -Уран бүтээлийн зөвлөгөө харамгүй өгдөг үү. Уран бүтээлээс болж санал зөрөлдөх үедээ хэрхэн ойлголцдог вэ?
Т.Ө: -Асууж зөвлөх зүйл гарна. Харин санал зөрөх зүйл байхгүй. Хувь бүтээлчийн орон зайг хүндэлнэ.
А.Ө: -Бидний хувьд тухайн юмс, үзэгдлийг бодож, боловсруулж, эвлүүлэн эмхэлж, судалж байж бүтээл болгодог тул үүндээ хэнийг ч оролцуулж, магтуулж, шүүмжлүүлдэггүй. Нэг бүтээл туурвихын тулд хэчнээн “зүдэрдгийг” тайлбарлахын аргагүй.
-Нэгнийгээ уран бүтээлчийнх нь хувьд хэрхэн үнэлдэг, ямар онцлог, давуу талд нь дуртай бол?
Т.Ө: -Миний хань өөрийн гэсэн арга ажиллагаатай, гадаадын болон Монголынхоо уран бүтээлчдээс ялгарах онцгой өнгө аястай. Уран бүтээлч хүний гол чанар энэ шүү дээ. Мөн туурвихдаа сайн бодож, төлөвлөдөг.
А.Ө: -Маш өндөр үнэлдэг. Сонирхолтой нь, биднийг хамтарсан үзэсгэлэн гаргангуут хооронд нь харьцуулах гээд байдаг. Бид салбартаа өөр нэг өнгө, гэрэл гэгээ нэмж л яваа хувь уран бүтээлч.
-Уран бүтээлийнхээ хажуугаар ар гэрийн ажлаа хэрхэн амжуулдаг вэ?
А.Ө: -Хүний л амьдрал юм хойно аягаа угаана, хогоо шүүрдэнэ, цуйвангаа сэгсэрнэ гээд бүхий л “нэргүй” ажлаа асуудалгүй амжуулна. Үүндээ дарагдаад суувал юун уран бүтээл туурвих манатай юм болно.
-Анх хэрхэн танилцсан тухай дурсамжаасаа хуваалцаач?
Т.Ө: -Оюутан цагаасаа эхлээд нэг урланд суралцаж, төгсөөд одоог хүртэл хамт амьдарч байна.
-Анхны болзоонд хэн нь түрүүлж урьсан бэ. Хаана болзож байв?
Т.Ө: -Мэдээж би л урьж таарна шүү дээ.
-Ижил мэргэжилтэй, урлагийн хүнтэй амьдралаа холбоно гэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авсан бол?
А.Ө: -Манай гэрийнхэн огт эсэргүүцээгүй. Аав, ээж, бүгд л уран зурагт дуртай. Тэднийхээ ачаар өдий хүртэл хамт зурж явна.
-Ханийнхаа ямар онцлог, зан чанарт нь хамгийн их татагдсан бэ?
Т.Ө: -Бүх л зан чанар нь татсан.
А.Ө: -Оюутан байхад харандаа, бийрээр л амьдралын минь утга учир хэмжигддэг байлаа. Манай хүнийх ч тийм л байсан байх. Яг тэр үед танилцсан болохоор дотно, аль хэдийн таньдаг мэт дулаан мэдрэмж төрсөн.
-Гал голомтоо хэрхэн бадрааж байв. Гэртээ ямар эд хогшил анх авсан бэ?
Т.Ө: -14 инчийн зурагт, хийн зуух авч байлаа.
А.Ө: -Эд хогшил гэхээсээ энхрий бяцхан охин ирсэн дээ, манайд. Ингээд л манайх гэдэг айл бий болсон. Аз жаргалаар дүүрсэн.
-Анх аав, ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач?
Т.Ө: -Маш их баярласан. Тэгээд хариуцлага нэмэгдэж байгааг ухаарсан.
А.Ө: -Өөрөө ээж болж байж л эхийгээ ойлгодог юм билээ. Өмнө нь ойлгоод л байна гэж боддог байсан ч жинхэнэ утгаар ухаарах нь хол байсан юм билээ. Ертөнц дээр “Ээж ээ” гэж дуудуулахаас өөр сайхан юм байхгүй.
-Эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлдэг арга ондоо. Танай гэр бүл хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаардаг вэ?
А.Ө: -Хүүхдийн хүмүүжил гэхээсээ өмнө бид өөрсдөө хэр хүмүүжсэн билээ гэж бодмоор. Бид хүүхдээсээ суралцаад, асууж зөвлөлдөөд явахыг хичээдэг.
-Хамгийн сүүлд хэзээ болзсон бэ. Хүүхдүүдээсээ нууцаар “булагнаж” чадаж байна уу?
Т.Ө: -Өдөр болгон л болзож байна шүү дээ. Байнга хамт байгаа юм чинь.
-Одоо харцаараа ойлголцоно биз?
А.Ө: -Тэгнэ шүү. Харц, үйлдлийг нь төвөггүй “уншчихна”.
-Үнсэлтийн тухай олон баримт бий. Өдөр бүр эхнэрээ үнсдэг эрчүүд амжилтад хурдан хүрдэг, байнга үнсэлцдэг хүмүүс урт насалдаг гэх мэт. Та хоёр бие биенээ хэр их үнсдэг вэ?
А.Ө: -Үнсэхээс илүү үнэрлэнэ. Үнэрлэж үнсэх нь арай аятай, хүндлэлтэй мэт санагддаг.
-Хэзээ нэгнээрээ хамгийн их бахархаж байв?
Т.Ө: -Шинэ үзэсгэлэнгээ нээх бүртээ бахархдаг.
-Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж байна. Харилцаагаа хэвийн байлгах, гэр бүлийн үнэ цэнээ хадгалахад “жор” байдаг уу?
Т.Ө: -Хүлээцтэй, тэвчээртэй л байх хэрэгтэй. Гэхдээ хүн бүрт, айл болгонд өөрийн гэсэн арга бий байх.
А.Ө: -Харилцан хүндлэх л хамгийн чухал. Үр хүүхэдтэй болоод хүндлэл, хариуцлагаа гээж боломгүй. Үүнийг л жор болгочихвол болох болов уу.
-Танай гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргал юунд оршдог юм бол?
А.Ө: -Аз жаргалаа хүн юугаар тодорхойлох вэ гэдгээс хамаарна. Манай гэр бүлийн хувьд эрүүл мэнд хамгийн чухал. Эрүүл байвал аз жаргал ундраад л ирнэ.
-Гэр бүл болохоор төлөвлөж буй залууст юу гэж зөвлөх вэ?
А.Ө: -Одоогийн залуусын аливаад хандах хандлага, ухамсар хавьгүй сайн, өөр болжээ. Хариуцлагаа эхэнд, эрхээ удаад нь тавьж байвал харилцаа сайхан үргэлжлэх биз ээ. Тэгээд сайхныг бодож, мөрөөдөж байгаарай гэж хэлмээр байна.