Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-наас энэ сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулж, давхардсан тоогоор хөдөлгөөнт эргүүлд нийт 12.213 алба хаагч, 4.603 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Алба хаагчид ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 152 зөрчил илрүүлж, газар дээр нь арилгажээ.
Мөн нийслэлийн ногоон бүсэд гал түймэр гаргаж болзошгүй зөрчил гаргасан 15 иргэнийг 1.5 сая төгрөгөөр торгож, шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан байна. Дээрх хугацаанд нийслэлийн ногоон бүсэд зорчсон 12.607 автомашин, 41.287 иргэнд сэрэмжлүүлэг хүргэн, ойн санд ойр амьдардаг 1000 өрхөөр гал түймэр гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан ажиллалаа.
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт 152 удаагийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, гагнуур хийхдээ аюулгүй ажиллагааг хангаагүй, татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн унтраагаагүй зэрэг зөрчлийн улмаас гал түймэр гарчээ.
Эргүүл хийх явцдаа зөрчлийн 64 буюу 42.1 хувийг илрүүлж, иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажилласан нь өнжмөл өвсний гал түймрийн тоо буурах нэг үндсэн үзүүлэлттэй байсан гэнэ. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал энэ жил ой, хээрийн гал түймэр 123 нэгж буюу 44.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.