Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хотын даргын өгсөн 12 чиглэлийн үүрэг, даалгаврын биелэлт 81.7 хувьтай үргэлжилж байгаа талаар танилцууллаа. Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын талаар санал солилцов. Зургаадугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох цаг агаарын урьдчилсан төлөв гарсан. Мөн үер болох, хэт халах өндөр магадлалтайгаас гадна Туул, Ерөө, Онон голын усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см их байх төлөвтэй байгаа. Иймд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, бэлтгэл бэлэн байдлын талаар хурлын үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням танилцуулав. Мөн энэ сарын 7, 8-нд орсон борооны улмаас усны түвшин нэмэгдэж, нийслэлийн Онцгой байдлын газарт 8-11-ний өдрүүдэд 34 удаагийн дуудлага ирж, давхардсан тоогоор 145 албан хаагч, 38 ус соруулах насос, 39 тээврийн хэрэгсэлтэй албан үүрэг гүйцэтгэсэн талаар тайлагнав. Дуудлага, мэдээллийн дийлэнх хувийг Сэлх, Туул, Дунд гол дагуух орон сууцын зоорины давхарт хөрсний ус гарсан, айл өрхийн хашаанд ус орсон зэрэг дуудлага эзэлсэн гэнэ.
Тиймээс газар эзэмших гэрээний болзлыг биелүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүйгээс тухайн орчны аюулгүй байдлыг алдагдуулсан байршлуудад газрын зөрчлийг арилгуулах, гэрчилгээг хүчингүй болгох, тухайн байршлуудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар төлөвлөх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг нийслэлийн Засаг дарга үүрэг болгов.
Түүнчлэн Сэлбэ голын ай сав дагуу газар олгохгүй байх, голын хамгаалалтын бүсэд олгосон газруудын эрхийг цуцлах, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шуурхай зохион байгуулахыг үүрэгджээ.