Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт орших Туулын голын хамгаалалтын бүсэд иргэдийн амралт, чөлөөт цагийг ая тухтай орчинд өнгөрөөх зорилгоор "Мишээл" байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнг ашиглалтад орууллаа.
Эл хүрээлэн нь олон нийт, хүүхэд багачуудад байгаль орчин, амьтан, ховор ургамал зэргийн мэдээллийг хүргэх, танин мэдэхүйн ач холбогдолтой аж. Мөн экологийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр байгалийн гаралтай материал ашиглан тохижилтын ажлыг гүйцэтгэснээр онцлог юм. Мөн Байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутан залууст дадлага хийх, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх боломж бүрдэж байна хэмээн холбогдох албаныхан үзэж буй.
Дээрх хүрээлэнд алсыг харах цамхаг, түр амрах цэг, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах хэсэг, сагс болон гар бөмбөгийн талбай, гол болон цөөрмийн эргийн тавцан, цэцгийн мандал, ховор ургамал, амьтны хүрээлэн, түүдэг гал асаах цэг, нийтийн бие засах газар, унадаг дугуйн зам болон зогсоол бий. Мөн халуун оронд байдаг 12 төрлийн амьтныг эндээс харах боломжтой гэнэ.