2001 онд Метро-Голдвин-Майер киностудийн бүтээл “Legally Blonde” хэмээх кино Америкийн жүжигчин Риз Уизерспуныг дэлхий дахинд таниулсан юм. Голливудын оддыг эгнээд гялалзаж яваа энэ жүжигчин бүсгүй ам ангайлгаж_ чих дэлдийлгэх хэл ам шуугиан нэгийг ч тариагүйд нь олон одоо болтол гайхсаар байгаа. Тэр бас нэг дүрд тоглохдоо 32 сая доллар авдгаараа дэлхийн хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн тоонд ордог юм.
Жүжигчин бүсгүйн элэнц хуланц Джон Уизерспун гэгч тэртээ 200 жилийн өмнө АНУ-ын хувь заяа шийдэгдэж байсан түүхэн үйл явдлуудад гар бие оролцож явсан хүний нэг ажээ. Тэрбээр Америкийн хамгийн эртний , хамгийн нэр хүндэй сургууль болох Принстоны Их Сургуулийн анхны захирлуудын нэг байсан агаад сургалт хүмүүжлийнхээ бодлогыг шинэ Америк үндэстний шинэ үеийг бий болгох тал руу чиглүүлэн өөрчилсөн төдийгүй “Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын тунхаг”-т гарын үсэг зурсан хувьсгалчдын нэг байжээ.
Ийм нэр хүндтэй хүний үр удам цаашид нийгэм улс эх орондоо хэрэгцээтэй, идэвхтэй, үлгэр жишээч иргэн байх үүрэгтэй болох нь гарцаагүй. Ризын эцэг эх ч энэ чиг шугамаасаа хазайгаагүй юм. Хэрэв Ризын аав хамар хоолойн нэртэй мэс засалч бол ээж нь хүүхдийн анагаахын профессор хүн. Тэд охиноо өөрсдийн мэргэжлийг уламжлуулах хүсэлтэй байсан ч Ризыг 7 настай байхад нь хүүхдийн хувцасны сурталчилгааны зураг авалтад орохыг зөвшөөрчээ. Эцэг эх нь охиноо багаасаа хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэг хэмээн бодсон нь Ризын ирээдүйн хувь заяаг шийдсэн байлаа. Зураг авалтад орсон өдөр болгонд 50 доллар авч байсан Риз мөнгөнд ч ажилдаа ч бодлоготой хандаж чадахаа тэр үед л харуулсан гэдэг. Сурталчилгаанаас олсон мөнгөө банкны хадгаламжид хийчхээд өөрөө хүүхдийн жүжгийн дугуйланд явах болжээ. Хоёр жилийн дараа гэхэд тэрбээр насанд хүрэгсдийн жүжигчний сургуульд элсэж чадсан бол дахин хоёр жилийн дараа авьяастны тэмцээнд орон нэгдүгээр байр эзэлсэн байна. Тэрбээр хэдэн жил дараалан энэ тэмцээний ялагчаар тодорч байжээ. Ризын эцэг эх хүүхдийнхээ амжилтаар бахархах авч бэлэн зэлэн хөнгөн амьдралын эсрэг үзэлтэй тэд охиныгоо дураар нь тавиагүй байна.“Жүжиг кинонд тогломоор байвал онц л сур” гэсэн ижий аавынхаа болзлыг Риз бүрэн дүүрэн биелүүлж байлаа. Риз Уизерспун сургуульдаа сурлагаараа нэгдүгээрт, спортоороо нэгдүгээрт, сахилга батаараа нэгдүгээрт бичигддэг байсан бөгөөд “зөв” гэдэг хочтой байв.
1998 онд Риз Стэнфордын их сургуулийн уран зохиолын ангид элсээд 3 жил болж байлаа. Онц сурахынхаа хажуугаар хэд хэдэн кинонд тоглоод амжсан аж. Найруулагч Кэтрин Хардвик хожим хүүхэд залуучуудын дунд асар их алдарт гарах “Twilight” киноныхоо гол дүрд тоглох саналыг Ризд тавьснаар залуу бүсгүйн өмнө цааш сурах эсвэл кинонд тоглох хоёрын нэгийг сонгох шаардлага гарч иржээ. Риз кино урлагийг сонгосондоо алдаагүй юм. “Twilight” киноны дараа тэрбээр америк даяар нэрд гарч, кинонд тоглох урилгаар дарагдах болжээ. Шар хэвлэлийнхэн түүнийг хэн нэгэн найруулагч эсвэл продюсертой холбоотой үгүйг шиншлээд, шиншлээд олоогүй юм. Жүжигчин Ризын бас нэг онцлог нь тэрбээр одоо болтол нэг ч кинонд нүцгэн биеэрээ гараагүй явдал. Түүнийг насанд хүртлээ \Америкийн хуулиар бол 21 насыг хэлнэ\ хувийн амьдралд нь эр хүн байсан эсэхийг хэн ч хэлж мэддэггүй юм. 21 насныхаа буюу насанд хүрсэн баяраа Риз өргөн дэлгэр тэмдэглэхээр шийдсэн тул урьсан зочиддоо хэн нэгнийг дагуулж ирэхийг зөвшөөрчээ. Тэгээд хэн нэг нь Райан Филлиппыг дагуулж ирсэн байна. Тэр үед Райны нэр алдар Ризынхаас дутахааргүй түгээд байсан юм. Түүний тоглосон “I Know What You Did Last Summer” хэмээх кино нь Америкийн залуучуудын дунд багагүй шуугиан тарьж, нийт орлого нь 80 сая долларт хүрээд байв. Дээрээс нь Райан маш царайлаг, сагсан бөмбөг, хөл бөмбөг гайхамшигтай тоглодог, тайквандогийн хар бүстэй бас ухаалаг нэгэн байлаа. Тэрбээр дунд сургуульдаа ч тэр их сургуульдаа ч тэр сургуулийнхаа сониныг эрхлэн гаргадаг байжээ. Багаасаа бие дааж шийдвэр гаргаж сурсан Риз түүн дээр очоод “Миний хамгийн том бэлэг чамайг гэж бодож байна” хэмээн шууд хэлсэн гэдэг. Тэгээд л тэр оройдоо галзуу секс дараа нь дурлал гэж та бодсон бол андуурч байна. Тэд маш удаан хугацаанд болзсон. Дараа нь аль аль нь кино зураг авалтад явах болсон тул мөн л багагүй хугацаанд захидлаар хариулсан байдаг. Жүжигчдийн хувийн амьдралыг үргэлж шиншилж байдаг шар хэвлэлийнхний, хүний мууд дурлагчдын бүр урам хугарсан гэдэг. Ингээд бараг жил гаран үерхсэний дараа “Cruel Intentions” гэдэг кинонд тэд хамт тоглосноор залуусыг харьцаа дотноссон ажээ. Киног хийж дуссаны дараа Риз хөл хүндтэй болсноо мэдэн дурлалт залуутайгаа гэрлэхээр шийджээ. Сүйт хархүүгийн хүсэлтээр тэд хуримаа даруухан зөвхөн ойр дотныхоо хүрээнд хийжээ.
Намар нь хөөрхөн охинтой болж Авой хэмээн нэрлэсэн байна. Райан охиндоо хайртай эмээгийнхээ нэрийг өгөхийг хүсжээ. Риз нөхөртөө ухаангүй хайртай нь ойр дотнынхонд нь төдийгүй хамтран тоглогчдод нь хүртэл мэдрэгдэж байлаа. Ризыг улаан бутарсан хацар, үргэлж баяр баясгалантай гэрэлтэх цэнхэр нүд, хүүхэд шиг хонхойх хацрынх нь төлөө Голливудын “хамгийн өхөөрдөм, царайлаг” бүсгүй гэж нэрлэж болох боловч “шинэ зууны хамгийн зорилготой ” бүхий бүсгүйгээр тодорсон юм. Тэр үнэхээр ажил хэрэгч бүсгүй ажээ. “Cruel Intentions” киноныхоо дараа өөрийнхөө амжилт өсөлтийг хянаж байдаг хувийн компаниа байгуулсан билээ. Энэ нь шоу бизнест ялангуяа жүжигчдийн хувьд маш ховор үзэгдэл байлаа. Бага насандаа ажил хөдөлмөрийн хөлс нөхцөлийн талаар гэрээ хийж сурсан туршлага нь Ризд гайхалтай үр дүнгээ өгч байлаа. “Legally Blonde” хэмээх кинонд тэрбээр өөрийгөө 5 сая доллароор үнэлж чадсан аж. Тэр үед Риз бүрэн хэмжээний од болоогүй байсан шүү. Гэтэл түүний нөхөр Райан “Antitrust” киноноос ердөө 2,5 сая долларын орлого л олжээ. Жирийн бидэнд энэ их мөнгө боловч Райаны хувьд өөрөөр үнэлэгдэх билээ. Эхнэрээсээ хоёр дахин орлого олсондоо жүжигчин залуу сэтгэл санаагаар унаж дуусаагүй байтал хувь заяа түүнд бас нэгэн таагүй гэнэтийн бэлэг бэлдсэн байлаа. 2002 онд “Sweet Home Alabama” кинонд тоглосныхоо хөлсөнд Риз 12,5 сая доллар авчээ. Муу дээр муухай муухай гэгчээр Райаны хөлс эхнэрийнхээсээ хэд дахин бага байгаад зогсохгүй тоглосон кинонууд нь амжилт олохгүй байлаа. Эр хүний шаралхлаа Райан 2002 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр тэсэлгүй ил гаргажээ. Танхим дүүрэн цугларсан олны өмнө Райан дугтуйг Риз руу сарвайн “Май. Илүү мөнгө олдгоороо чи хэл” гэж чангаар хэлсэн гэдэг. Эртнээс л Ризын гэр бүлийн энэхүү ялгаатай орлогын талаар бичээд байсан хэвлэлийнхэн тухайн оддын хэл амтай салалтыг алга үрэн хүлээсэн ч хосууд урьдынх шигээ ямар ч шуугиангүй хамтдаа амьдарсаар байлаа. Гэвч Райан “санхүүгийн хоцрогдлоо” өөр хүүхнүүдээр нөхөж байгаа талаар яриа явагдаад эхлэв. Энэ хэцүү байдлаас Риз гэр бүлээ аварч гарахаар шийдэн Карибын тэнгисийн нэгэн арлыг түрээслэн нөхөртөө “хоёр дахь бал сарыг” бэлэглэсэн аж. Үүний үр дүнд тэд бүл нэмэн хүүтэй болсон юм. Райан хүүгээ Диакон гэж авга ахынхаа нэрээр нэрлэжээ.
2004 онд “Legally Blonde” киноны үргэлжлэлд Риз 15 сая доллароор тоглосон бол нөхрийх нь үнэ 500 мянга хүртлээ буурахад хөөрхий Райан яах болж байна аа. Райан эхнэртэйгээ янз бүрийн арга хэмжээ хүлээн авалтад хамтдаа үзэгдэхээ болив. Нөхрөө аргадахын тулд Риз 30 насных нь төрсөн өдрөөр Малибу хотод “Нобу” хэмээх тансаг зоогийн газар үдэшлэг зохион байгуулсан байна. Гэсэн ч эрх нөхөр нь үүнд төдийлөн баярласангүй оройжин дүнсгэр царайлж байгаад яваад өгсөн аж. Хэвлэлийнхэн мөн л “за одоо л” гэж хүлээсэн ч хосууд амар жимэр амьдарсаар байв. Ээлжит шуугиан 2006 оны “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагналтнуудыг тодруулах үер гарчээ. Энэ нэр хүндтэй шагналд гэр бүлийн хоёр хоюулаа нэр дэвшсэн байлаа. Райаны гол дүрд тоглосон “Crush” кино нь жинхэнэ урлалын бүтээл болж шилдэг киногоор шалгарсан ч Райан шагналгүй хоцорч харин шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Риз авсан аж. “Шагналаа танай гэр бүл хэрхэн тэмдэглэх вэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад Райан “Гал халуун сексээр тэмдэглэнэ” гэсэн маш бүдүүлэг хариултыг ууртайгаар өгсөн байдаг.
“Оскар”-ын шагнал эмэгтэй жүжигчинд, манайхны хэлхдэгээр, хүнддэг шагнал. Ялангуяа мэргэжил нэгт нөхөртэй бол. Ким Бессенжер, Халли Бери Хилари Свонк гээд авьяаслаг эмэгтэй жүжигчдийн амьдрал “Оскар”-ын шагнал авсны дараа орвонгоороо эргэсэн нь наад талын жишээ . Тэдгээр гайхамшигтай бүсгүйчүүдийн эр нөхрүүд хор шарандаа галзуурах шахан эхнэрүүдээ зодож жанчсаар хоёр тийш болцгоосон байдаг. Хүмүүжилтэй Райан эхнэрээ зоддоггүй ч нэг л өдөр хосууд салж байгаагаа мэдэгдсэн. Тэдний ойрын найз нөхөд, хамаатан садангийнх нь хувьд ч гэсэн эл мэдээ гэнэтийн явдал байв. Долоон жилийн хамтын амьдрал, хоёр бага хүүхэд нь ч тэдэнд эл шийдвэр гаргахад саад болж чадаагүй юм. Хосууд энэ талаар тухайн үед тодорхой тайлбар өгөөгүй ч хожим Райн хуучин эхнэрээ хэт их карьер хөөж, гэр бүлдээ хангалттай анхаарал хандуулах хүсэлгүй байсан гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Харин Рийз Райаныг эхнэрийнхээ амжилтыг хүлээн зөвшөөрч чадаагүй, түүнээс болж хар тамхины асуудалтай болсон гэж буруутгасан. Эхнэр нь нөхрөөсөө илүү мөнгөтэй байх нь эрт орой гэр бүлд ямар нэгэн асуудал үүсгэдэг явдал дээрх хоёрыг тойроогүй юм. Үүнээс гадна Риз, Райн хоёрын салалтад уран бүтээлч хүмүүсийн хооронд байдаг ердөө л нэг мэргэжлийн атаархал илүү нөлөөлсөн болов уу.
2010 оны 12-р сард Риз Уизерспуныг урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн нэрийг нь сийлсэн хавтанг Холливудын Алдрын гудамжинд суурилуулсан юм. Тэрхүү хүндтэй арга хэмжээд Риз өөрийн хүүхдүүдээс гадна шинэ найз залуу жүжигчин Жим Тотын хамт явж байлаа.