Өмнөговь болон Дорноговь аймаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнд 2021 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагаас эхлэн зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлалт тогтоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан.
Хэрэв зайлшгүй шалтгааны улмаас эдгээр хоёр аймаг руу зорчих бол ямар шаардлагыг тавьж байгаа талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Энэ хугацаанд зөвхөн уул уурхай, зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэдийн зөвшөөрлийг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас авах юм. Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, буяны ажил зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд харьяаллын болон байнгын оршин суудаг хаягтаа ирэх, буцах иргэд, зайлшгүй шаардлагатай иргэд Өмнөговь болон Дорноговь аймгийн Онцгой комиссоос олгоно хэмээн шийдвэрлэсэн. Хөдөө орон нутагт очсон иргэд тухайн газартаа долоо хоног тусгаарлалтад байна. Харин Уул уурхайн салбарын ажилчдын ээлж солих ажлыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж ажиллана.
Мөн Замын-Үүд хилийн боомт дээр аймгийн болон УОК-ын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар ачаа тээвэрлэлт оройтох асуудлууд гарч буй. Энэ асуудлын талаар тэрээр "Замын-Үүдийн хилийн боомттой холбоотой асуудлаар ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Ачаа тээвэр, хүнс, шатахуун, экспорт, импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа тохиолдол Дорноговь аймгийн онцгой комиссоос зорчих хөдөлгөөний зөвшөөрөл авч цаг алдах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, ачаа барааны эргэлт дээр шинэ журам дээр ямар нэгэн зохицуулалт хийгээгүй" гэсэн тайлбар мэдээллийг өглөө.