Цас, бороотой, салхи шуургатай, зэврүүн өдөр голлосон тавдугаар сар улиран одлоо. Өнгөрсөн сард Монгол орны нийт нутгаар олон жилийн дундаж (1991-2020 он хүртэлх үеийг авч үздэг)-аас ахиу хур тунадас орсон учир зарим голын ус үерийн түвшинд хүрснийг ОБЕГ-аас анхааруулав. Увс, Завхан, Булган, Төв, Хөвсгөл, Өвөрхангайн зарим нутаг өдгөө 13 см хүртэлх зузаан цасан бүрхүүлтэй байгаа аж. Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын зарим хэсэгт бороо, нойтон цас орж, салхи шуургатай байх нь. “Булган, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар хөрсөн дээр 0 хэм давж, цочир хүйтэрнэ” гэсэн урьдчилсан мэдээг цаг уурын байгууллагынхан түгээв. Иймд малчид, тариаланчид болон тээвэрчдийг цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлэхийг санууллаа. Үүнтэй зэрэгцээд “Тавдугаар сарынх шиг зэврүүн, сэрүүн өдөр энэ сард ч олон тохионо” гэсэн мэдээ цахим сүлжээнд тархсанд иргэд хямарч эхлэв.
Жил дамнан хөл хорионд сууж, дөрвөн хананы дунд хашигдсан улс зуны дэлгэр цагт хөдөө нутгаар хөндлөн гулд тааваар аялахыг урьд урьдынхаас илүү хүсэх нь мэдээж. Харин энэ хүслээ биелүүлэхэд нь айсуй өдрүүдийн “араншин” саад болох вий гэж болгоомжлохдоо ийнхүү бухимдсан хэрэг. “Зуны улиралгүй болсон юм байна”, “Долдугаар сард л нар үзэх нь”, “Өдийд голын хөвөөнд нүцгэн гүйлдэж байдаг сан. Одоо гэртээ нимгэн хувцастай байхад даардаг болж” хэмээн хуучин цагийг нэхэн дурсах хүн олшров. Зарим нь “Зун нь зун шиг, өвөл нь өвөл шиг байхаа больж. Хавар нь өвөл, зун нь хавар шиг болжээ. Энэ ч тоглоом биш шүү” гэж үнэн голоосоо санаа зовнижээ. Иргэдийн ярьж буй шиг, зун үнэхээр алга болсон уу. Зуны цаг агаар урьдынхаас хэр өөрчлөгдсөн бэ. Үүнд юу нөлөөлөв. Эдгээр асуултад хариу эрлээ.
СУДЛААЧИД ЮУ ХЭЛЭВ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Гомболүүдэв “Цаг улирлын байдалд нөлөөлж буй гол хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт. Дэлхий дахинд сүүлийн 100 жилд агаарын температур 0.86 градусаар дулаарсан. Харин манай оронд сүүлийн 80 жилийн дундаж үзүүлэлт 2.3 градус байгаа нь өндөр үзүүлэлт. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ 7-10 хувиар буурсан. Нийт хур тунадасны зонхилох буюу 70-80 хувь нь зун ордог байсан. Зуны хур тунадасын 80 хувь нь аадар, үлдсэн нь шиврээ хэлбэрээр ордог онцлогтой. Гэтэл одоо энэ харьцаа алдагдсан. Зуны хур тунадас багасаж, өвлийнх нэмэгдсэн. Шиврээ бороо орох нь багасаж, голдуу аадар цутгах боллоо.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий дахинд хэт халалт нүүрлэж байна. Үүний улмаас өндөр настай, зүрх судасны өвчтэй олон мянган хүн нас барж буй. Ялангуяа Япон, Солонгос, Оросод ийм харамсалтай тохиолдлын үзүүлэлт өндөр. Харин Монголд эсрэгээрээ уур амьсгал сэрүүсэх, хэт хүйтрэх хандлага ажиглагдаж эхэлсэн. Өвөл дулаахан байснаа нэг, хоёр өдөр 40 хэм давж хүйтрэх, зуны ерөнхий төлөв сэрүүвтэр атлаа цөөн хэд хоног 30 хэм хүрч, хэт халах зэрэг тогтворгүй байдал их ажиглагддаг. Манай орны агаар мандлын үйл явц эрс тэс, долгионлог, эмзэг экосистемтэй учраас ийм байгаа юм. Цаг агаар тогтворгүй болохын хэрээр гол, нуур ширгэх, хуурайшилт эрчимжих, ургамлын төрөл зүйл хумигдах, цөлжилт ихсэх зэрэг сөрөг нөлөө илэрч байна. Газар тариалан эрхэлдэг ашигтай хугацаа багаслаа. Жилийн дөрвөн улиралд мал дагаж, байгаль, цаг агаарын аясаар амьдардаг малчдад улам л хэцүү боллоо. Товчхондоо бол уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө Монголд зуны улиралд түлхүү ажиглагдаж, илэрч буй” гэсэн юм.
Харин ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн доктор, судлаач Ц.Баяртогтох ШУА-ийн “Эрдэм” сэтгүүлд нийтлүүлсэн “Уур амьсгалын өөрчлөлт ба улирлын хамаарал” өгүүлэлдээ “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг тодорхойлдог хоёр гол хүчин зүйл нь агаарын хэм, хур тунадасны хэмжээ. Эдгээр үзүүлэлтээр зун бусад улирлаас илүү хувирч өөрчлөгдсөн. Зуны хэвийн температуртай өдрүүд зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн хүртэлх 40-48 хоногт гол төлөв үргэлжилжээ (2017 оноос хойших ажиглалт). Эдгээрийн тал хувьд буюу 15-20 хоногт хэт халалт ажиглагдав. Ерөнхийдөө манай орны зун богиносож, агаарын хэм тогтворгүйжсэн” гэж тэмдэглэжээ.
ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ӨӨРЧЛӨЛТ
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэхээр зөвхөн хэт халах, агаарын температур нэмэгдэх төдий явцуу хүрээнд ойлгож болохгүйг судлаачдын яриа илтгэж байна. Газар зүй, агаар мандлын онцлог, хүн амын тоо, үйлдвэрлэл, эрхэлдэг аж ахуй гээд олон хүчин зүйлээс хамаараад, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө улс орон бүрт харилцан адилгүй тусдаг аж. Тухайлбал, Дэлхийн цаг уурын байгууллагаас жил бүр гаргадаг Уур амьсгалын төлөв байдлын тайланд “Далай, тэнгис хүлэмжийн хийгээс үүдэлтэй дулаарлын 90, нүүрсхүчлийн хийн 23 хувийг өөртөө шингээн авч байна. Тэр хэрээр далай бүхэлдээ дулаарч, усны хүчиллэг чанар нь ихсэн, дэлхийн цаг агаар, уур амьсгалд хүчтэй нөлөө үзүүлэх боллоо. 2011-2020 он дэлхийн хамгийн дулаан 10 жилд тооцогдож байна. 2020 он дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан гурван жилийн нэг байлаа” гэжээ. Харин манай орны хувьд 1940 оноос хойших хамгийн хур тунадас ихтэй 12 жилийн нэг нь 2020 он болжээ. Мөн олон жилийн дунджаас сэрүүн өдрүүд зонхилжээ. Зуны улирлыг авч үзэхэд, зургаа, долоо, наймдугаар сарын дундаж температур олон жилийн дунджаас 1.5-4 хэмээр бага байсан аж. Жилийн хамгийн тогтвортой, дулаан өдрүүд дөрөвдүгээр сард тохиосон гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын “2020 оны уур амьсгалын тайлан”-д дурджээ.
Цаг уураас үүдэн улирлын хил зааг бүдгэрэхийн хэрээр байгальд болдог жам ёсны зүйлс гажиж, өөрчлөгдсөөр байгааг сүүлийн үеийн судалгааны үр дүн батална. Хамгийн ойрын жишээ дурдахад, ургамал үрлэх, цэцэглэх, амьтад ичээнээсээ гарах, загас түрсээ шахдаг хугацаа өөрчлөгдсөн. Экологичид энэ талаар хөндөх болсон. Түймэр, хуурайшилтын эрсдэлтэй үед тооцогддог хугацаа мөн сунасан. Түүнчлэн цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэн, учруулах хор хохирол өсөх хандлагатайг БОАЖЯ-ны Байгаль орчны төлөв байдлын тайланд дурджээ. Сүүлийн 30 жилийг гурван хэсэгт хувааж, жилд тохиох ийм үзэгдлийн хэмжээг дунджилъя. 1991-2001 онд жилд дунджаар 15 удаа гамшигт үзэгдэл болсон бол дараагийн 10 жилд 40, удаахад нь 78 хүрч өсжээ. Нийт гамшигт үзэгдлийн зонхилох буюу 70 орчим хувь хавар тохиосон бол 18 хувь нь зун болжээ. Зун болдог гамшигт үзэгдлийн давтамж 1991 оныхоос 3-4 дахин ихэссэн байна. Уур амьсгалын өөрчлөлт байгаль дээр оршин буй бүхэн экосистемийн гинжин холбоотой байдаг гэдгийг нотлох мэт бидний амьдралд төсөөлснөөс ч их өөрчлөлт, “шинэчлэл”-ийг авчирсаар байна.
ЭНЭ ЗУН ЯМАР БАЙХ ВЭ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсээс гаргасан мэдээллээр бол энэ сард агаарын дундаж хэм Монгол орны өмнөд хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад бүсэд сэрүүн байх нь. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сарын сүүлчээр агаарын хэм огцом сэрүүсэх төлөвтэй гэнэ. Зүүн хойд хэсгийн аймгуудад хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох, мөн 9-15-нд нийт нутгаар хэт халж болзошгүй тул нарших, үерт автах эрсдэлээс сэргийлэхийг анхааруулав.
Харин долдугаар сард манай орны зүүн өмнөд хагаст, наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх боловч уур амьсгалын ерөнхий төлөвөөрөө гандуу, хуурай байх зураглал ажиглагджээ. Долоогоос есдүгээр сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт ахиу хэмжээний хур тунадас буух шинжтэй бөгөөд усархаг, дуу чимээ ихтэй ширүүн аадар богино хугацаанд олон удаагийн давтамжтай орж болзошгүйг анхааруулжээ. Товчхондоо энэ сарын дунд үеэс нарлаг өдрүүд эхэлж, нийт нутгаар дулаарах бол долдугаар сарын сүүлчээс бороо, салхи зэрэг “гэнэтийн зочид”-той сэрүүхэн өдрүүд айлчлах нь. Аялж, зугаалахад хамгийн тохиромжтой, цаг агаар тогтвортой үе энэ зун долдугаар сард тохиох юм байна.