‘’СҮРЬЕЭ- КОВИД-19 ХАЛДВАР’’ илүүрлэг үзлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаа 2021 оны 2-4 дүгээр улиралд зохион байгуулагдах юм. Улсын хэмжээнд 9 дүүрэг, 10 аймаг, нээлттэй болон хаалттай 23 хорих ангийн сүрьеэгээр өвчилсөн эрсдэлт бүлгийн болон аж ахуй нэгж байгууллагын ажилтан албан хаагч, ЕБС-ийн багш ажилтан, сурагч нийт 130,403 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулна.
2020 онд нийт 58,046 (2019 онд 215,010) иргэнийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж 294 тохиолдлыг илрүүлсэн нь 2019 онтой харьцуулахад 3.7 дахин буурсан, 2021 оны 1 дүгээр улиралд сүрьеэ өвчний илрүүлэлтийн дундаж 20.4%, аймгуудад 20.1%, Улаанбаатар хотод 20.3%, хорих байгууллагад 20.5% байгаа нь 2020 оныхоос буурч, сүрьеэгийн өвчлөлийг эрт үед илрүүлэх тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байна.
Сүрьеэгийн өвчлөл өндөртэй 22 улсын нэг нь Монгол Улс бөгөөд хүн амын дунд сүрьеэ өвчний бодит тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар 100 мянган хүн амд 428 тохиолдол бүртгэгдэж, тархалтын түвшингөөр 10 дугаарт эрэмбэлэгдэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын хийсэн тооцооллоор жил бүр 12000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэхээс эрүүл мэндийн байгууллагууд зөвхөн 1/3-ийг буюу 4000 гаруй тохиолдлыг л илрүүлж байна.Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарах болсон нь мэргэжилтэнгүүдийн хамгийн их анхаарал хандуулж буй сэдэв болоод байна. Гэр бүлийн хүрээний хавьтал, сүрьеэгийн халдвар авах эрсдэлт бүлгийн хүн амын дунд өвчлөл нэмэгдэж байгаа нь иргэдийг сүрьеэ өвчний илрүүлэг үзлэгт өргөн хамруулж, оношилсон тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлэх нэн шаардлагатай байна.