Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн санасныг бодоход нам тайван байгаа ч тэднийг дэмжигчид, тэр дундаа нийгмийн сүлжээнд “дайтаж” буй. Цахим орчинд, өөрийн гэсэн орон зайдаа нэр дэвшигчдийн нэгийг нь дэмжсэний төлөө дайралтад өртөж, гадуурхагдах нь энүүхэнд аж.
Жишээ нь, нийгмийн сүлжээнд хамгийн олон дагагчтай хүмүүсийн нэг, жүжигчин О.Дөлгөөн “Төрийнх нь хүмүүс хэдэн тийшээ харж, талцаж суугаад, хэн хэнийхээ ажлыг гацаадаг биш, бүгд нэг талдаа гараад, эхэлсэн ажлаа буух эзэнтэй, буцах хаягтай дуусгахыг нь хармаар байна.
…Тэдний хэлсэнчлэн ардчилсан Монголд хэн ч үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө тэгж шүүгдэх ёсгүй. Тэдний бодолтой санал нийлж буй, эсэхээ илэрхийлэх нь бусдын хувьд бас л эрх чөлөө байж болох ч үзэл санааг нь гишгэлэн, дорд үзэх учиргүй. Гэвч энэ бол нэг тал нь…
Бүх зүйл хоёр талтай тул та нар минь сайн бодож, судалж байгаад сонголтоо хийгээрэй. Би л хувьдаа тогтвортой засаглалыг хүсэж байна” гэж бичээд профайл зургаа МАН-ын нэр дэвшигчийнхээр сольсон ч гурав хонолгүй өөрийн хөргийг буцааж тавьсан юм. Ингэхдээ тэрбээр “Өчигдөрхөн л бурхан мэт шүтэж, түүнээс өөр сайн хүн байхгүй мэт аашилж байснаа өнөөдөр нүүр буруулан, үгийн муухайгаар дайрах хоёр нүүртэй хүмүүс… Сонголтоо илэрхийлсний төлөө л элдвээр хэлүүлэх нь үнэхээр гайхмаар… Хэн ч хэний сонголтод нөлөөлж чадахгүй шүү дээ! Би зураг тавиад танд нөлөөлөхгүй. Та над руу дайраад надад нөлөөлөхгүй. Олны танил гэхээрээ айж, ичиж, хэн юу гэх бол гэж суух ёстой гэж үү” хэмээн тайлбар бичсэн байлаа. Үнэхээр ч нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлсэнтэй нь холбоотойгоор 8000 гаруй хүн сэтгэгдэл бичсэний дотор балмад, бүдүүлэг зүйл олон байх аж.
Мөн “ангууч” гэгддэг Б.Баттөр нэр дэвшигчдээс “дайчин, шийдэмгий, зоригтойг нь сонгоно” хэмээн У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлсэн. Тэр ч О.Дөлгөөнтэй адил зүйл мэдэрсэн бололтой, “Зүгээр л үзэл бодлоо илэрхийлэхэд яагаад ийм их уур бухимдалтай хандаж, маш олон худал мэдээллийг миний нэрээр явуулж байна вэ. Олны танил хүмүүс үзэл бодлоо илэрхийлж болохгүй юм уу. Хэл амнаас айгаад суувал залуучуудыг хэзээ ч улс төрд ойртуулахгүй, оролцох хүсэлгүй болгох байх” гэж фэйсбүүк хуудсаараа хуваалцсан юм.
Тийм ээ, тэдний хэлсэнчлэн ардчилсан Монголд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хэн ч шүүгдэх ёсгүй. Тэдний бодолтой санал нийлж буй, эсэхээ илэрхийлэх нь бусдын хувьд бас л эрх чөлөө байж болох ч үзэл санааг нь гишгэлэн, дорд үзэх учиргүй. Гэвч энэ бол нэг тал нь.
Нөгөө талаас, тэдний хэлсэн үг, хийсэн үйлдэл нь бусдад ямар нэгэн байдлаар нөлөөлнө. Тэд бол “нөлөөлөгчид”, тод төлөөлөгч нь. Тиймээс ч тэдэнд улс төрийн намаас хамтран ажиллах санал тавьж, үүнийх нь дагуу тухайн нэр дэвшигчийг дэмжсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь энэ удаагийн сонгуулиар урлаг, соёл, спортын “од”, олны танил хүмүүст намуудаас хамтран ажиллах урилга илгээж, тодорхой мөнгөн дүнгээр гэрээ хийх санал тавьсныг зарим нь хэлж буй. Ер нь Ерөнхийлөгчийн гэлтгүй УИХ-ын болон бусад сонгуулиар ч нам, эвслүүд кампанит ажилдаа нөлөөлөгчдийг түлхүү ашиглах хандлага сүүлийн үед газар авч байгаа. Өнгөрсөн жилийн парламентын сонгуулиар л гэхэд зөвхөн нийгмийн сүлжээгээр дамжуулан сонгогчдыг татах багаас гадна нөлөөлөгчдийг хамруулсан ажлын хэсгийг МАН сонгуулийн штабдаа тусгайлан байгуулж ажилласан билээ. 2020 оны сонгуулийн сурталчилгааг эргээд санавал нөлөөлөгчдөөс хэн хэн нь аль нам, эвсэл, нэр дэвшигчтэй хамтран ажиллаж, дэмжсэн нь тодорхой харагдана.
Мөн нийгмийн сүлжээ, тэр дундаа фэйсбүүк хуудас нь сонгогчдын мэдээлэл авах чухал эх сурвалж болсон. Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн, УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр түгээсэн мэдээллийн мониторингод дурдсанаар давхардсан тоогоор тус судалгаанд оролцогчдын 88 хувь нь фэйсбүүкийг мэдээллийн гол эх сурвалж хэмээн хариулсан байдаг. Ингэхдээ залуу сонгогчдын сэтгэл хөдлөлөөр тоглохын тулд хэтрүүлэх, шоолох, гоочлох, эрс тэс зүйлсийг харьцуулах зэрэг аргыг хамгийн түгээмэл ашигласан байна. Тэгж яривал манай улстөрчид фэйсбүүкийн хуурамч хаягийг их ашигладгаараа бүс нутагтаа шалгарсан гэх олон улсын судалгааны дүн бий. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сэтгэгдлийг залахдаа тэдгээр хуурамч хаяг, троллуудыг ашигладаг гэсэн үг.
Үүнээс гадна нэгэнт сонгогчидтой хийх нүүр тулсан уулзалтыг цар тахлын хөл хорионы дүрэм улам бүр цөөрүүлж, цахим орон зайгаар дамжуулан зорилтот бүлгүүд рүү чиглэсэн кампанит ажил өрнүүлэх хөшүүрэг болсон гэж хэлэхээр байна. МАН гэхэд л өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нам болон нэр дэвшигч тус бүрийн цахим хуудсанд 100, олон нийтийн сүлжээний цахим хуудсанд 44, бусад цахим хуудсыг сурталчилгаанд ашиглахад 327 буюу нийт 471 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Энэ нь нэр дэвшигчдийн нийт зардлын дүнд “цахим орчин ашиглах” нь 1.6 тэрбум төгрөгтэй дүйж, 2.4 хувийг эзэлжээ.
Тэгээд ч нөлөөлөгчдийн “бүс”-д түлхүү хамаарах атлаа сонгуульд хамгийн хойрго оролцдог залуучууд Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тодорхойлоход жин дарна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй иргэдийн насаар нь харвал 18-24 насныхан буюу Z үеийнхэн 15.1, 25-40 насныхан 40.9 хувийг эзэлж байна. Үндсэндээ тэд нийт сонгогчийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа тул залуусын сонголт өрсөлдөөний үр дүнд чухал байр суурь эзлэхээр байна. Тиймээс ч нэр дэвшигчид сурталчилгаагаа залууст түлхүү чиглүүлэх, нөлөөлөгчдөөр дамжуулан өөрсдөдөө татах арга хэрэглэх нь зүйн хэрэг. Энэ үүднээс харвал МАН-ыг дэмжиж буйгаа илэрхийлсэн цөөнгүй нөлөөлөгчдийг дагагчид нь төдийгүй олон нийт “Үзэл бодол, байр сууриа мөнгөөр худалдсан” хэмээн шүүмжилж, урам хугарснаа илэрхийлэх нь буруу биш. Тэд ч бас үзэл бодлоо л хуваалцаж байна. Тэгээд ч үзэл бодол нь харьцангуй тогтворжсон хүмүүс “амьдардаг” твиттерт ч өөрчлөлт ажиглагдаж буй. Тэр ч бүү хэл нэр дэвшигчийг дэмжиж жиргэх ханш хэдэн арван саяар тогтсон тухай яриа чих дэлсэв. Юутай ч миний ажигласнаар өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгыг дэмжиж, түүний Төрийн тэргүүний замналыг ч бахархаж суудаг цөөнгүй хүн энэ удаа МАН-ын нэр дэвшигчийг дэмжих болов. Өмнө нь тэд өнөөгийн Ерөнхийлөгчийг дэмжихдээ, одоогийн “фэн”-ий талаар ганц сайн үг унагадаггүй байлаа. Мөн нөлөөлөгчдийн нэг Б.Цэцэг 2020 онд парламентын сонгуулиар МАН, нэр дэвшигчдийг нь дэмжиж байсан ч энэ удаа өөр хүнийг сонгоход уриалах болсон. Түүнчлэн нийгмийн сүлжээнд “элийрэгч” нэрээр танигдсан Ц.Уянга АН-ын нэр дэвшигчийг дэмжиж буй нь илт аж. Тэрбээр өмнө нь АН, нэр дэвшигч С.Эрдэнэд нэлээд шүүмжлэлтэй ханддаг байв.
Харамсалтай нь, тийн дэмжигчдийг ялган тусгаарлаж, элдвээр цоллон чичлэх ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж байна уу гэмээр дүр зураг энэ удаагийн сонгуулийн үеэр олон талаар ажиглагдах боллоо. Улмаар залуус хэн нэгнийг дэмжсэнийхээ төлөө талцан хуваагдаж, хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь өрсөлдөгч намууд дэмжиж буй нэр дэвшигчийнх нь эсрэг ашиглаж эхлэв. Саналыг нь авахын төлөө сэм хатгах улстөрчдийн башир аргад тэд унаж, өөр хоорондоо муудалцах нь эмгэнэлтэй.
Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар залуучуудыг саналаа өгөхөд уриалж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх олон арга хэмжээг олон нийтэд бодитой хүргэж чадсан төсөл, хамт олон бол “Өглөө” байсан. Аль ч сонгуулийн туршид улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс хараат бусаар үйл ажиллагаа явуулж, залуучууд өөрсдөө оролцож, үзэл бодлоо илэрхийлснээр илүү гэгээтэй ирээдүй бүтээхийг ойлгуулж, зорьж байсныг үгүйсгэх хүн үгүй болов уу. Харин 30 гаруй мянган залууг эгнээндээ нэгтгэсэн эл төслийн баг үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд зогсоож буйгаа гурав хоногийн өмнө мэдэгдэв. Шалтгааныг нь тодорхой тайлбарлаагүй ч төслийн зарим үйл ажиллагааг гадаадын байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүжүүлдэг гэж үзэн, зогсоох чиглэл өгсөн бололтой. Гэтэл сонгогчдын боловсрол, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хөхиүлэн дэмжих ажлыг манай төр, сонгуулийн төв байгууллагаас нь дэмждэг бил үү. Уг нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь сонгогчдын боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг сонгуулиас эс хамааран тасралтгүй явуулах үүрэгтэй билээ. Өнөөдрийг хүртэл энэ ажлыг иргэний нийгмийн хэдэн байгууллага, хувь хүн гадаад улс, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд хандан байж санхүүжилт босгон хийж ирсэн нь үнэн шүү дээ. Хатуухан хэлэхэд, сонгуулийн үеэр энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хэн нэгэн нь нэр дэвшигч, аль нэг намыг дэмжээгүйнхээ төлөө эрх бүхий этгээдийн хавчлагад өртсөн байхад гайхах зүйлгүй ээ.