-Хурандаа Н.Очирбатыг яллагдагчаар татахаар болсон гэв үү-
Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд 2015 оны арванхоёрдугаар сарын 23-ны 21.00 цагийн үед “Ми-8Т” загварын нисдэг тэрэг осолдож, бортмеханикч, ахмад М.Батбаяр амиа алдан, 10 хүн бэртсэн билээ. Шөнийн цагаар хийсэн уг нислэгийг тухайн үеийн Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал (өнөөгийн Агаарын цэргийн командлал)-аас баталсан удирдамжийн дагуу тус ангийн удирдлага, сургагч-багш нар, ОХУ-д суралцаад ирсэн шинэ төгсөгчид, дээрх командлалын зарим албан тушаалтны хамтаар хийсэн төлөвлөгөөт нислэг байсан гэдэг. Энэ хэргийг МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ын хяналтын прокурорт өнгөрсөн оны зун хүргүүлээд байсан. Эл хэрэгт холбогдсон хүмүүст НПГ-аас Эрүүгийн хуулийн 28.11-2 дахь хэсэгт заасан “Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх талаар тогтоосон журам зөрчсөний улмаас онгоц сүйрсэн, эсхүл хохирогч нас барсан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн орлогч, хурандаа Н.Баясгалан, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Дашаахүү болон тус ангийн албан тушаалтнууд болох С.Ганболд, Д.Ринчин, Ш.Батжаргал, Д.Ганхуяг, С.Энхболд, Э.Хаш-Эрдэнэ нарыг яллагдагчаар тооцоод байсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, 2020 оны есдүгээр сарын 16-нд хэргийг хаалттай хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзсэний дагуу МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шүүгчийн даалгасан ажиллагааг хийж дуусаад дахин прокурорын хяналтад хүргүүлээд байна. Анхан шатны шүүх өнгөрсөн жил хэлэлцэхээс өмнө нэр бүхий холбогдогчид яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлсэн ч зарим шинжээч эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Тиймээс нэг бус хүнийг нэмж яллагдагчаар татсаныг эх сурвалжууд хэлэв. Бидэнд олдсон мэдээллээр, осол гарахад эрүүл мэндээрээ хохирсон, тухайн үед Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан, өдгөө зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн даргаар ажиллаж буй хурандаа Н.Очирбатад ч энэ удаа яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа мөрдөгч илэрхийлэн, прокурорт хүргүүлсэн юм байна.