Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гэрэл зурагчин А.Баттулга өөрийн авч байсан "Зулзагууд"-ын онцлох зургаа бидэнтэй хуваалцлаа. Тэрбээр энэ мэргэжлээр найман жил ажиллаж буй.
-Та “Хүүхэд бүр будда” хэмээн өөрийн цахим хуудсанд нийтэлсэн байхыг харсан. Хүүхдийн гэрэл зураг дарж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Улаанбаатарын гудамжаар явахдаа эерэг дүр зураглалыг гаргахыг эрмэлздэг. Гудамжинд явж буй хүмүүс ажил, амьдрал зэрэг өөр өөрийн асуудлаа бодон эргэн тойрноо анзаарахгүй явдаг юм шиг санагддаг. Харин хүүхдүүд эсрэгээрээ ертөнцийн бүх зүйлийг сонирхож, ажигладаг. Камер барьсан танихгүй хүнийг хараад гараа даллаж, инээмсэглэдэг тийм л цагаахан ертөнцтэй. Хүүхдийн гэрэл зураг дарах нь надад сэтгэл зүйн эмчилгээ мэт санагддаг.
-Дээрх гэрэл зургийн талаар тайлбарлаж өгнө үү.
-Гэсэр сүмийн урд энэ нохой ямар ч хөдөлгөөнгүй, бороонд нороод хэвтэж байсан. Би холоос хараад үхсэн юм болов уу гэж санаа зовж байв. Гэтэл нэг жаал хажуугаар гүйж, нохой руу очоод түүнийг илэх үед би амжиж зургийг нь дарсан юм. Нохойн харцнаас маш их хайр, гуниг хосолж харагдсан. Эл амьтан төрснөөсөө хойш анх удаа хүнээр илүүлж үзсэн байж ч магадгүй. Зургийг харах болгонд "Амьдралд ийм хайр бас итгэл найдвар байдаг нь бидний оршин буй шалтгаан" мэт санагддаг.
Тэд бол Монголын ирээдүй