Данийн тагнуулын байгууллага АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагт 2012-2014 онд Европын зарим улс төрчдийг тагнан хянахад нь тусалсан гэж “Süddeutsche Zeitung” сонин мэдээлэв.
Тэдгээр улс төрчдийн дунд Германы канцлер Ангела Меркель, тухайн үеийн Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер (одоо Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч), Социал демократ намын канцлер Пийр Штайнбрюк нар байв.
Сонинд бичсэнээр Данийн тагнуулын байгууллага (FF) АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн (NSA) захиалгаар Копенгагенаар дамждаг холбооны шугамаас Европын удирдагчдын утасны яриа, текст мессэжийг шүүж, цуглуулж өгдөг байжээ.
2013 онд NSA-ийн ажилтан Эдвард Сноудэны мэдэгдэлтэй холбоотой дуулиан дэгдэхэд АНУ-ын зүгээс шууд няцааж байгаагүй юм. Энэ удаагийн мэдээллийг Данийн тагнуулын албаны нууц мэдээлэлд ханддаг байсан есөн эх сурвалж баталсан байна.
Одоогоор АНУ болон Дани улсын засгийн газар уг мэдээллийн талаар тайлбар өгөөгүй байна.
NSA-ийн ажилтан асан Эдвард Сноуден энэ талаар “Дани улс төдийгүй түүний том түнш энэ талаар мэдээллийг нийтэд ил болгох шаардлагатай” гэж твиттер хуудсандаа бичжээ. Мөн АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Жо Байденыг өмнөх дуулианд гүнзгий холбогдсон хүн тул удахгүй Европт айлчлахдаа энэ тухай тайлбарлах бэлтгэлтэй байхыг зөвлөсөн байна. 2013 онд Жо Байден АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан юм.