Ногоон байгууламжийн хэмжээг төд дахин нэмэгдүүлнэ, хүртээмжийг сайжруулна гэсэн “лоозон” нийслэлийн үе үеийн дарга, түүний баг, хамт олны төлөвлөгөөт ажлын гол цөм байсаар ирсэн. Гэвч одоогийн нөхцөл байдал, хотын дүр төрхийг харахад тэдний хэн нь ч энэ зорилтоо амжилттай биелүүлж чадаагүй нь илэрхий. Биднийг мод тарьж сурах гэж өчнөөн жил мунгинаж, ногоон байгууламжийн хэмжээг олон улсын жишигт хүргэнэ хэмээн тооны араас хөөцөлдөх зуур дэлхийн улс орнууд зорих зам, хандах зүгээ өөр “тийш” чиглүүлэх боллоо. Тэд ногоон байгууламжийг иргэдийн өдөр тутмын салшгүй хэрэгцээ хэмээн чухалчилж байна. Мод, сөөг, цэцэгт ургамлын тоо ширхэг, хамрах талбайн хэмжээг бус, хэр зөв төлөвлөж вэ, иргэдэд өгөөжтэй, хүртээмжтэй юү гэдэг шалгуурыг тэргүүнд тавих болов.
Харин төсвийн хөрөнгөөр, олон нийт амралт, чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулж бүтээснийг нийтийн хэрэгцээнийх гэж буй. Нийтийн хэрэгцээний зориулалттай томоохон ногоон байгууламж бүхий газар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тус хүрээлэн 960 га талбайг хамардаг ч үүний дөнгөж 30 хүрэхгүй хувьд буюу 283 га нь ногоон байгууламжтай. Хүн амын тоонд харьцуулбал Улаанбаатарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхтэй дүйх (нийт талбайгаар нь тооцвол) байгууламж 4-5 байх ёстой.
Стандартад зааснаар бол саяас дээш хүн амтай хотын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 24 ам метр байх ёстой гэдэг. Харин улаанбаатарчуудад яг одоогийн байдлаар үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй гэх. Уг үзүүлэлт таван жилийн өмнөхөөс дориун өссөн нь энэ бөгөөд 2016 онд 1.7, дараа жил нь 2.4, 2018 онд 3.2 ам метр байв. Дунджаар жилд 0.7-1 ам метрээр өсжээ. Харин нийслэлийн одоогийн Засаг дарга нэг хүнд ногдох ногоон байгууламжийг 2025 он гэхэд найман ам метрт хүргэх зорилт дэвшүүлээд буй. Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын 6.3-т “Улаанбаатар хот болон бусад сууринд ногоон байгууламжийн эзлэх талбайг 2030 онд 30 хувьд хүргэнэ” гэж тусгасан. Манай улс яг ийм байдлаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг олон улс, дэлхий нийтийнхтэй жишиж, түүнийгээ хэмжүүр болгож ирсэн юм. Товчхондоо бол тооны араас хөөцөлддөг жишгийг бат бөх гэгч нь тогтоосон. Харин чанарыг орхигдуулжээ. Стандарт, төлөвлөлтийг умартав. Иргэн бүрт ногдож буй гэх 5.1 ам метр байгууламж үнэхээр таны “мэдэлд” бий юү, ашиг тусаа хүртээж байгаа юу гэдэг асуултыг уншигч та өөртөө тавиад үзээрэй. Итгэлтэйгээр тийм гэж хариулах хүн олдохгүй л болов уу. Гэтэл дэлхийн орнууд иргэн бүрт ногоон байгууламж “өмчлүүлэх”-ийг зорьж байна. Тодруулбал, ижил тэгш, хүртээмжтэй байдал чухал гэж үзэх болжээ.
Шинэ жишгээс улбаалаад ногоон хөгжлийг өөр үзүүлэлтээр үнэлж эхлэв. АНУ-ын Йелийн болон Колумбын их сургуулийн судлаачид хамтран жил тутам гаргадаг Байгаль орчны гүйцэтгэлийн индекс (environmental performance index)-д дэлхийн орнуудыг 25 төрлийн шалгуураар үнэлж, хамгийн “ногоон”-ыг нь шалгаруулдаг байсан бол 2019 оноос хойш долоон үзүүлэлт нэмжээ. Үүний гурав нь ногоон байгууламжтай холбоотой. Тодруулбал, ногоон байгууламжийн төлөвлөлт, хүртээмжтэй байдал, ашиглалтыг харгалзах болсон аж. Шинэчилсэн үзүүлэлтээр 2020 онд Норвег, Австри, Швед, Швейцар эхэнд бичигдсэн бол удаах байрт Нидерланд, Дани, Испани, Бельги, Ирланд, Франц оржээ. Эдгээр улсаас ногоон байгууламжийн талбайн хэмжээгээр Дани, Бельги эхний тавд багтах боловч хүртээмж, төлөвлөлт, ашиглалтаар муу үнэлгээ авснаас ийнхүү хойшоо “шидэгдсэн” юм. Ногоон байгууламжийн хүртээмжтэй байдал гэдэг зөвхөн хэмжээгээр үнэлэгддэггүй, тэгш хуваарилалт, оновчтой төлөвлөлт чухал гэдгийг энэ жишээ маш тодорхой харуулж буй.
Улаанбаатарт төлөвлөлт, хүртээмжтэй байдал алдагдсаныг батлах хамгийн энгийн жишээ бол дүүргүүд дэх ногоон байгууламжийн хэмжээ харилцан адилгүй байдаг явдал. Тэгш бус хуваарилалттай гэсэн үг. Хот төлөвлөлт, ландшафтын зураглал боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Урбан хотын иргэд” төрийн бус байгууллагынхан нийслэлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн судалгааг өнгөрсөн онд хийхдээ зонхилох буюу 60-70 хувь нь Сүхбаатар, Баянгол зэрэг төвийн дүүрэгт төвлөрснийг тогтоожээ. Үүний дараа Хан-Уул орж буй ч дийлэнх ногоон байгууламж нь хувийн хэвшлийн мэдлийнх гэнэ. Хотын төвөөс алсрах тусам “агаар цэвэршүүлэгч”-ийн хэмжээ багасах зүй тогтол ажиглагдсан байна. Хүн амынхаа тоогоор тэргүүлдэг Сонгинохайрхан, Баянзүрх хамгийн нүцгэн нь аж. Энд зөвхөн улсын төсвөөр буюу та, бидний халааснаас гарсан татварын хөрөнгөөр жил болгон хийдэг ажлын тухай ярьж байгааг онцлох нь зүйтэй болов уу.
Дээрх байгууллагын судлаач Э.Энхмаа “Манай улс ногоон байгууламжийн зориулалт, ач холбогдлыг гоёл чимэглэлээс өөрөөр харахгүй байна. Ийм байгууламжийн дийлэнх нь төвийн дүүрэг, авто зам дагуух хэсэгт төвлөрч байгаагаас үүнийг маш тодорхой харж болно. Уг нь ногоон байгууламжийн гол ач холбогдол нь хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хангах юм. Орчны чимээ шуугиан, тоосонцор, утаа, хөрсний бохирдол, газрын доройтол зэргийг хэвийн хэмжээнд байлгах, бууруулах, тогтворжуулах үүрэгтэй. Үүний дараа олон нийтийн эрүүл мэнд, сэтгэл зүй, орчны харагдах байдалд нөлөөлөх асуудал орно. Бүр эцэст нь ландшафт, архитектурын бүтээл талаас нь авч үздэг. Дэлхий нийт яаж байна вэ гэвэл эхлээд хүрээлэн буй орчны тэнцвэрийг хангах зорилгоор ногоон байгууламжаа байгуулдаг. Энэ үүднээсээ хотын хүн ам гол төвлөрдөг, үйлдвэрлэл эрчимтэй явуулдаг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй, эсвэл сул шороо, тоос, тоосонцортой газруудаас ажлаа эхлүүлж, улмаар бүх дүүрэг, гудамжийг ижил хэмжээнд хөгжүүлэх бодлого баримталдаг. Харин Монголд ногоон байгууламж маш бага, дээр нь төлөвлөлтгүй, иргэдэд хүртээмжгүй байна. Бүх ажил нь хотын төв хэсэгтээ төвлөрөөд, гацчихсан. Одоо тэндээсээ холдох хэрэгтэй. Хэдэн цэцэрлэгч нь дарга нарынхаа тушаалаар жил болгон нэг газраа ажилласаар хавар, зун, намрыг өнгөрөөдөг энэ байдлаа бид даруй засах шаардлагатай” гэсэн юм.
Ногоон байгууламж бол хот төлөвлөлтийн салшгүй хэсэг. Тэр утгаараа хотын суурьшлын бүс дэх ийм байгууламжийг нийтийн, хязгаарлагдмал хэрэгцээний, тусгай зориулалттай гэж ангилдаг. Тусгай зориулалттай гэдэг нь судалгаа шинжилгээ, туршилт хийх, үер, түймэр зэрэг аюулт үзэгдлээс хамгаалах зорилгоор байгуулсныг хэлдэг бол амралт, сувилал, сургууль, цэцэрлэг зэрэг ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагынх хязгаарлагдмал хэрэгцээнийхэд ордог. Харин төсвийн хөрөнгөөр, олон нийт амралт, чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулж бүтээснийг нийтийн хэрэгцээнийх гэж буй. Нийтийн хэрэгцээний зориулалттай томоохон ногоон байгууламж бүхий газар бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Тус хүрээлэн 960 га талбайг хамардаг ч үүний дөнгөж 30 хүрэхгүй хувьд буюу 283 га нь ногоон байгууламжтай. Хүн амын тоонд харьцуулбал Улаанбаатарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхтэй дүйх (нийт талбайгаар нь тооцвол) байгууламж 4-5 байх ёстой. Хотын ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулъя гэвэл нэн түрүүнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг бүрэн ашиглах шаардлагатай гэсэн шийдлийг судлаач Э.Энхмаа хэлсэн.
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш, доктор Б.Цэнгэлтэй мод тарих аргачлалын талаар саяхан ярилцахад “Монголчууд ногоон байгууламжийн зориулалт, ач холбогдлыг ер ойлгохгүй байна. Ногоон байгууламжтай холбоотой стандарт, нормыг шинэчилж, нэгдсэн бодлоготой болгож, чанд мөрдүүлэх хэрэгтэй. Ингэж байж үнэлэмж, хүртээмж нь сайжирна” хэмээн онцолж байв. Бид ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг арай өөрөөр харж, тоо, талбайн хэмжээ бус, чанарыг чухалчилдаг дэлхий нийтийн шинэ жишгийг нутагшуулах цаг болсныг судлаач, мэргэжилтнүүд ийнхүү хэлсээр байна.
БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран сүүлийн үед гэр хорооллыг ногооруулах зорилготой ажлууд эхлүүлээд байгаа нь сайшаалтай. Гэвч тэд мөн л “том” тоо ярьсаар буй. Гэр хорооллын айл болгонд тарьц, суулгац үнэгүй тараагаад асуудал шийдэгдчихгүй. Ногоон байгууламжийн хүртээмж сайжрахгүй. Гэр хорооллынхныг мод тарихад уриалах нь зүйтэй ч айл болгоны хашаа руу “өнгийж”, өмнүүр нь орж “гүйх нь” төрийн байгууллагынхны ажил биш. Харин жил бүр төсвийн мөнгөнөөс “хороон” байж торддог нийтийн зориулалттай ногоон байгууламжуудыг хотын аль бүсэд байгуулбал тохиромжтой, хүртээмжтэй, үр ашигтай вэ гэдгийг мэргэжлийн хүмүүсээр судлуулж, тооцоолж, эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонссоны үндсэн дээр буюу долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар хийх нь тэдний ажил мөнөөс мөн билээ.