Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ажлын үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн бодлогод зан үйлийн ухааныг ашиглах нь” сэдвээр вэбинар сургалтыг хөтлөн явууллаа. Сингапур улсын Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор, доктор Рубен Ингийн дээрх илтгэлд менежментийн инновацийн шилдэг арга хэрэгслүүдийн нэг болох хүний зан үйлийг танин мэдэх /Behavioral insights/ замаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцын талаар дурджээ. Иргэдтэй харилцахад үүсэж болзошгүй бэрхшээлийг сэтгэл зүйн болон туршилтын арга хэрэгслүүдээр даван гарах зэргээр бодлогын зохицуулалтад зан үйлийн шинжлэх ухааныг ашиглах зураглал хөгжүүлэхийг энэ удаад онцолсон байна. Мөн иргэдэд тулгарч буй асуудлыг тэдний зан үйлд тулгуурлан танин мэдэж, шийдвэрлэх нь төрийн байгууллагын чадавхад итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болдгийг баримт жишээнд үндэслэн тайлбарлав.
Вэбинарт УИХ-ын харьяа байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, яам, агентлаг, аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлийн гишүүд нийт 4500 гаруй төрийн албан хаагчдын төлөөлөл оролцлоо. Профессор, доктор Рубен Ингийн хувьд Сингапурын Үндэсний их сургууль, Оксфорд, Йелийн их сургуулийг төгссөн, өдгөө Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуульд өгөгдлийн аналитик, бодлогын инновацийн чиглэлээр хичээл заадаг, өмнө нь Монгол Улсад зочилж лекц уншиж байсан хүн юм.