Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургуулийн хувьсах зардал болон сургалтын төлбөрийн талаар өнгөрсөн сарын 2-нд мэдээлэл хийж, хэд хэдэн чухал шийдвэр гаргаснаа танилцуулсан. Үүнд 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй байх талаар тусгасан. Мөн Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх шатны боловсролын байгууллага нь сурагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журмыг баталжээ. Эл журмын 2.2.1-д “Төлбөртэй үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль нь сургалтын төлбөрийг эцэг, эхийн санхүүгийн нөхцөл боломжид суурилан уян хатан нөхцөлөөр, сар, улирлаар тооцон авна” хэмээн заасан. Харамсалтай нь, эл заалтыг бодит байдал дээр сургуулиуд хэрэгжүүлэхгүй байгааг эцэг, эхчүүд шүүмжилж, байр сууриа илэрхийлсэн. Сургалтын төлбөрийг уян хатан нөхцөлтэйгээр, санхүүгийн хүндрэл учруулахгүй шийдэж чадахгүй байгааг нэгэн ээж ийнхүү тайлбарлав.
Тохиолдол- “Хүүхэд маань “Орчлон” сургуульд сурдаг. Эл сургуулийн жилийн төлбөр 16 сая төгрөг. Үүнээс гадна хоол, автобусны мөнгө хэмээн 700 гаруй мянган төгрөг нэмж төлдөг. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн энэ жил сургалтын төлбөрөөс 10 хувийг хөнгөлсөн. Хөнгөлөлт, урамшуулал, “харж үзэх” гэх зүйлийг мэдэхгүй сургуулийн удирдлага ийм шийдвэр гаргасан нь эцэг, эхэд таатай санагдаж буй. Гэвч үлдсэн төлбөрийг төлөх хугацааг шахуу болгосон нь бидний санхүүд хүнд цохилт болно. Эл сургууль сургалтын төлбөрийн 50 хувийг энэ сарын 30, үлдсэн хэсгийг наймдугаар сарын 28-ны дотор төлж дуусгахыг шаардаж буй. Бид дөрвөн удаагийн хөл хорионоос арай хийн гарч, “амьсгаа авахтай” л болж байхад ийм хэмжээний мөнгийг давчуу хугацаанд олох шаардлагатай боллоо. Хэрэв товлосон хугацаанд урьдчилгаа 50 хувийг төлөхгүй бол хүүхдийг маань сургуулиас хасаж, оронд нь хүлээлтэд байгаа хүүхдүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, түрүүлснийг нь авна гэсэн. Төлбөрөө бүрэн төлөхгүй бол тухайн сургуульд хэдэн жил сурсан нь огт хамаагүй гэнэ. Мөн төлбөрөө 100 хувь төлсөн хүүхдүүдэд дүрэмт хувцас, ном зэргийг нь олгодог учир бид ийм давчуу хугацаанд 10 гаруй сая төгрөг олохоос өөр аргагүй боллоо. Хатуу хөл хорио цуцлагдаад нэг сар ч болоогүй байхад эцэг, эхэд ийм шаардлага тулгаж буй нь зохисгүй үйлдэл” гэв. Бид “Орчлон” сургуулийн захиргаатай утсаар холбогдож, энэ талаар тодруулах гэсэн боловч хоёр өдөр утсаа авсангүй.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан түр журмын 2.2.4-т “Сургалтын төлбөр төлөөгүйн улмаас цахим болон танхимын хэлбэрээр хичээл, сургалтад хамрагдахыг аливаа хэлбэрээр хязгаарлахгүй байх” гэж заажээ. Харин дээрх тохиолдолд эл журмын заалтыг зөрчсөн нь харагдах биз. Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Энхцэцэгээс энэ талаар тодруулахад “Манай яамнаас хувийн сургуулиудын төлбөр төлөлттэй холбоотой журам гаргасан байгаа. Хэрэв сургуулиуд эл журмыг мөрдөхгүй байвал эцэг, эхчүүд гомдол гаргаж болно. Одоогоор ийм зөрчил гаргасан сургуульд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байгаа” гэв. Ийнхүү хувийн сургуулиуд хариуцлага тооцох механизм үгүй гэсэн шиг эцэг, эхчүүдэд дарамт учруулж, дураараа дургиж байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд ямар хариуцлага тооцох нь тодорхой бус учир ийнхүү аашлах нь зүйн хэрэг болж таарах нь.
Өдгөө манай улсад 5-10 сая төгрөгийн төлбөртэй, ерөнхий боловсролын 24 сургууль бий. Эл хувийн сургуулиудад жилд 17.9 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг төрөөс олгодог байв. Харин Боловсрол, шинжлэх ухааны яамны шинэ сайдын санаачилгаар эл мөнгийг олгохоо больсон. Төрөөс хувьсах зардал авахгүй сургуулиуд төлбөрийн “чанга” нөхцөлийг эцэг, эхчүүдэд санал болгож, дарамт учруулж буй нь харамсалтай. Нөгөөтээгүүр “хуудуутай” журам баталсан Боловсрол, шинжлэх ухааны яамныхны ч буруу байж болох юм. Хэрэв шинэ сайдын гаргасан түр журмыг тогтож үзвэл, сургуулиуд хэдэн хувиар төлбөрөө бууруулах, уян хатан нөхцөлд ямар арга хэмжээ багтах зэрэг нь тодорхой бус байв. Мөн журам зөрчсөн сургуулиудад хэрхэн арга хэмжээ авах нь ч тодорхойгүй аж.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан түр журмыг хувийн сургуулиуд хэрхэн мөрдөж буй талаар танилцуулъя. Өндөр төлбөртэй, хувийн сургуулиудын ихэнх нь хүний тоо бүрдсэн гэсэн бол зарим нь утсаа авсангүй.
Шинэ Монгол Харумафүжи- Эл сургуулийн бага анги 4.7, дунд нь 4.8, ахлах нь 4.9 сая төгрөгийн төлбөртэй. Өнөө жил нэгдүгээр ангид элсэлт авч буй бөгөөд төлбөрийг бүрэн төлөхийг шаардаж байгаа аж.
Элит- Уг сургууль анги, бүлэг харгалзахгүй 11.9 сая төгрөгийн төлбөртэй. Мэргэшсэн, туршлагатай, өндөр чадвартай багш нарыг элсүүлэн авч үлдэх боломжтой, академи, бүтээлч илэрхийлэлд анхаарлаа төвлөрүүлж, ижил төстэй хөтөлбөрүүдтэй сургуульд ороход дэмжлэг үзүүлэх өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрийг бий болгосон хэмээн өөрсдийгөө тодорхойлдог. Тэд эцэг, эхчүүдийг тавдугаар сард багтаан төлбөрөө төлбөл найман хувийн хөнгөлөлт үзүүлэх аж. Мөн сургалтын албаныхантай тохиролцож, хувааж төлөх боломжтой гэв.
Олонлог- Тус сургуулийн бүх анги 8.7 сая төгрөгийн төлбөртэй. Математик, англи хэл, байгаль, хүмүүнлэгийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай хэмээх тодотголтой. Тус сургууль тавдугаар сарын 15-наас өмнө сургалтын төлбөрөө 100 хувь төлсөн сурагчдад 20, зургаадугаар сарын 15-наас өмнө бол 10 хувийн хөнгөлөлт үзэх аж.