ЖИШЭЭ-1
Цацрал өнгөрсөн жил найман нас хүрэхдээ хүссэн зүйлээ ээж, ааваараа авхуулжээ. Тэр нь дугуйт тэшүүр (ролики). Гадаа гэртгүй хэдэн өдөр ноцолдсоны үр дүнд өнөөхөөрөө дориун тэшдэг болжээ. Ингээд нэг өдөр шинэ “хүлэг”-ийнхээ хурд, хүчийг найзууддаа сонирхуулахааар зэргэлдээх байрны тоглоомын талбайг зорьсон аж. Өнгө өнгийн чамин тэшүүртэй хүүхэд тэнд өчнөөн байсан гэнэ. Тэд талбайн нэг захаас нөгөө рүү уралдаж, тойрон эргэлдсээр байж. Цацрал ч тэднээс дутахгүйг хичээж байв. Гэвч удалгүй тэр нүд дүүрэн нулимстай, толгойдоо шархтай харьжээ. Талбайн нэг захаас нөгөө рүү хурдлан гүйхдээ унадаг дугуйтай хүүхэдтэй мөргөлдсөнөөс цементэн дээр тархиараа савж унан, ийм байдалд хүрсэн гэх. “Шок”-нд орсон охин гэртээ ирээд учиргүй их уйлахаас өөр юу ч хэлээгүй гэнэ. Түүний ээж “Охин минь дагзаараа хүчтэй унаснаас болоод ухаан санаа нь хэсэг балартсан. Болсон явдлыг огт санахгүй байна гэсэн. Найзууд нь гэрт хүргэж ирсэн юм. Ирчихээд уйлаад л байлаа. Бид тэр даруй эмнэлэгт аваачихад, эмч тархины бяцралын хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж оношилсон. Үүнээс хойш толгой нь өвддөг болсон. Хагас жил орчим эмчийн хяналтад байлгаж, эмчилгээ хийлгэсэн. Охин минь одоо ролики унахаас их эмээдэг” гэсэн юм.
ЖИШЭЭ-2
Ананд 11 настай. Тэр маш сайн дугуйчин. Зургаан настайгаасаа дугуй унаж эхэлжээ. Харин сүүлийн үед дугуйт тэшүүртэй түлхүү найзлах болжээ. Хэд хоногийн өмнө байрныхаа гадаа бэлтгэл хийж байгаад, хөлөө бэртээх нь тэр. Өвдөгнийх нь үе мултарсан гэнэ. Эгч нь энэ тухай “Толгойгоороо уначих вий гэж айхдаа хөлөө эвгүй дарж, ойчсон бололтой. ГССҮТ-ийн эмч “Азаар гайгүй өнгөрчээ. Суга таягтай болох шахаж” гэсэн. Хөдөлгөх гэж оролдоход зовуурь ихтэй байсан учраас хэсэгчилсэн мэдээгүйжүүлэлт, булчин сулруулагч тариа хийсний дараа эмч үеийг нь оруулсан. Гэрийнхэн маань чаддагаараа дугуйгаа л уна гэж дүүд зөвлөж буй ч бидний үгийг ойшоохгүй л байна” гэв.
ЖИШЭЭ-3
11 настай Гарьд хүү найзуудтайгаа дугуйт тэшүүрээр уралдаж яваад, зогсоолд байсан машиныг мөргөжээ. Ингэхдээ гараа эвгүй дараад, гэмтээчихэж. Аав нь түүнийг гараа тулчихаж гэж оношлоод, хүчтэй сэгсэрч, татсан нь байдлыг улам дордуулжээ. Хүү зовуурилан уйлж, гарын ар хэсэг нь хавдсан аж. Хүүгийн ээж “Эмч үзээд зөөлөн эдийн гэмтэл авсан байна. Гэмтсэн хэсэгт даралт үзүүлээд бүр дордуулчихаж. Энэ тохиолдолд гарыг аль болох хөдөлгөөнгүй байлгаад, чиг тавьж боох нь зөв гэсэн. Ямар азаар гараа хугалчихаагүй юм” хэмээн ярилаа.
Фэйсбүүк дэх “Дугуйт тэшүүр худалдаа” бүлгэмийн эцэг, эхчүүд ийнхүү хүүхдэдээ тохиолдсон золгүй явдлын талаар хуваалцлаа. 10 800 гаруй гишүүнтэй тус бүлгэмд шинэ, хуучин дугуйт тэшүүрийн арилжаа, солилцоо цаг тутам болдог. Энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг иргэд ч зар, мэдээллээр “бөмбөгдөөстэй”. “Дугуйт тэшүүр авахдаа юунд анхаарах ёстой вэ”, “Хаанаас чанартайг олох вэ”, “Хүүхдийг хэдэн наснаас нь дугуйт тэшүүр унуулбал тохиромжтой бол” гэсэн асуулт хөвөрнө. Туршлагатай эцэг, эхчүүд, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовнидог хүмүүс ч бусдадаа зөвлөгөө, мэдээлэл харамгүй өгдөг юм байна. Үүнтэй төстэй бүлгэм, цахим хуудас фэйсбүүкт өөр өчнөөн бий. Энэ бол дугуйт тэшүүр иргэдийн, тэр дундаа хүүхэд багачуудын өргөн хэрэглээ болсны илрэл юм. Үүнийг дагаад энэ төрлийн хэрэгслээс үүдэлтэй хүүхдийн осол, гэмтэл ихэсжээ. Ялангуяа урин дулааны улиралд. Дугуйт тэшүүртэй явж байгаад тархи, цээж, хүзүүгээ гэмтээсэн, гар, хөлөө хугалсан, мулталсан хүүхэд ГССҮТ-д хандах нь олширчээ.
Үүнд хамгийн түрүүнд тэшүүрийн чанар нөлөөлдөг. Уг нь сайн чанарын, “ориг” тэшүүрийн дугуй резинэн байдаг бөгөөд гулсалт, хөдөлгөөний шилжилтийг зөөлрүүлэх, ямар ч төрлийн замд барьцалдах чадвар өндөр, нийцтэй гэнэ. Гэвч наймаачид хямд өртөгтэйгөөс нь болоод, хуванцар, гүймхий, салж унах шахсан дугуйтай тэшүүрийг Монголын зах зээлд голдуу нийлүүлдэг юм байна. Сайн чанарын, хүүхдийн дугуйт тэшүүр хамгийн багадаа 200-400 мянган төгрөгийн ханштай байдаг бол хуванцар дугуйтай нь үүнээс 3-4 дахин хямд үнэтэй. Тэр хэрээр хамгийн эрэлттэй, борлуулалт сайтай нь аж.
Өөр нэг гол шалтгаан нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангадаггүйтэй холбоотой. Унадаг дугуй, дугуйт тэшүүр, скүүтер, скейт зэргийг хүүхдэд, ялангуяа бага насныханд унуулахдаа хамгаалалтын малгай, өвдөгч, тохойвч зэргийг зайлшгүй өмсүүлэх ёстой. Харин манайд ийм “соёл” хэвшээгүй гэхэд болно. Уг нь Улаанбаатар шиг замбараагүй төлөвлөлттэй, орон сууцын хороолол, нийтийн эзэмшлийн гудамж, талбай нь бүхэлдээ автомашины зогсоол болсон хотод хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай юм. Бяцхан “жолооч” нарыг хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй, хараа хяналтгүй орхино гэдэг дэндүү аюултай.
Дэлхийд жилд дунджаар 4-5 сая хүүхэд дугуйтай осолдож, гэмтдэг. Харин дугуйт тэшүүртэй осолдож, тархи, нүүр, хуйх, хөлөө гэмтээсэн хүүхдийн тоо өнгөрсөн жилүүдэд 400-900 мянга бүртгэгджээ. 2020 онд 210 мянган хүүхэд ийм шалтгаанаар гэмтсэн нь бага үзүүлэлтэд тооцогдох бөгөөд коронавирусийн хөл хорио нөлөөлсөн гэж Дэлхийн хүүхдийн аюулгүй байдлын байгууллага (SKWO)-ын албан ёсны сайтад бичжээ. “Эцэг, эхчүүд хамгаалалтын малгайг байнгын хэрэглээ болгосноор мянга, мянган хүүхдийн амь аварч, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирохоос сэргийлж чадна. Зориулалтын малгай хүүхдийн тархийг гэмтэх эрсдэлээс 70-85 хувиар хамгаалдаг” гэжээ.
Зарим орон энэ төрлийн осол, эндэгдлээс сэргийлэхийн тулд 18-аас доош насныханд хамгаалалтын малгай зайлшгүй өмсүүлэх ёстой гэж хуульчилсан байдаг. Тодруулбал, ХБНГУ, Австри, Швейцар зэрэг орон ийм хатуу хуультай. Биелүүлээгүй тохиолдолд хүүхдийн асран хамгаалагчид хариуцлага тооцдог гэнэ. Харин манай улсад ийм чанд хатуу тогтолцоо байхгүй. “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн ганц заалтад хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой бүх асуудал, бэрхшээлийг хамаатуулсаар ирсэн. Үүний харгайгаар хүүхдийн осол, эндэгдэл (бусад төрлийн) сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Дугуйт тэшүүрээс улбаатай осол, бэртэл ч ялгаагүй. Энэ бол нийгмээс эцэг, эхчүүдэд өгч буй хариуцлагын дохио, сануулга гэлтэй. Эцэг, эхчүүд хэр хариуцлагатай, сэрэмжтэй байна, хүүхэд тэр хэрээр аюулгүй замаар “алхах” боломжтой.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА: Б.ЭРДЭНЭБОЛД: Хүүхдүүд дугуйт тэшүүртэй осолдсоноос олон төрлийн гэмтэл авч байна
ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэболдоос дараах асуултад хариулт авлаа.
-Өнгөрсөн онд дугуйт тэшүүрээс унаж, бэртсэн хэчнээн хүүхэд танай төвөөс тусламж, үйлчилгээ авсан бэ?
-2020 онд 3300 хүүхэд зам, тээврийн осолд өртсөнөөс 640 гаруй нь унадаг дугуй болон дугуйт тэшүүртэй явж байгаад гэмтсэн. Тодруулбал, нийт ослын 29 хувь нь энэ төрлийн хэрэгслээс үүдэлтэй байна.
-Хэд орчим насны хүүхдүүд ийм осолд голдуу өртөж байна вэ?
-4-өөс дээш насныхан зонхилдог. Эцэг, эхчүүд хүүхдээ гурав, дөрвөн нас хүрэнгүүт нь унадаг дугуй, дугуйт тэшүүр, скүүтер унуулах нь элбэг. Зарим нь хүүхдээ ах, эгчид нь даатгаад, эсвэл огт хараа хяналтгүй орхичихдог. Хамгийн аюултай нь хүүхдүүд авто замаар явж байгаад машинд шүргүүлэх, цочиж, сандарсандаа жолоодлогоо алдах, замын хажуу руу унах, хашлага, шон мөргөх эрсдэлтэй.
-Ер нь хэдээс дээш насны хүүхэд дугуйт тэшүүр хэрэглэвэл тохиромжтой бол?
-Тийм хязгаар тогтоох боломжгүй л дээ. Гол нь хүүхдийнхээ нас, биед нь тохирсон хэрэгсэл сонгох хэрэгтэй. Эцэг, эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа гэвэл ах, эгчийнх нь хэрэглэж байсан хуучин дугуйт тэшүүр, унадаг дугуйг дүү нарт нь өгчихдөг. Тухайн хүүхдийн биед тохирох уу, аюулгүй байж чадах уу гэдгийг ер ойшоодоггүй. Гэмтэж, бэртсэн хүүхдүүдээс яагаад осолдсоныг нь асуухад олонх нь тоормос гишгэх, хөлөө газарт тулах гэхээр хүрэхгүй байсан гэдэг шалтгаан хэлдэг.
-Дугуйт тэшүүртэй осолдсон хүүхэд голдуу ямар төрлийн гэмтэл бэртэл авдаг юм бэ?
-Ямар нэг биеттэй мөргөлдсөн, шүргэлцсэн, унасан, эсэхээс хамаараад олон төрлийн гэмтэл авдаг. Тэр дундаа үений мултрал, ясны хугарал, цууралт, хэвлий болон цээж, тархины гэмтэл авах нь түгээмэл. Өнгөрсөн долоо хоногт гэхэд ийм хоёр тохиолдол гарсан. Энэ төрлийн хэрэгслээр зорчихдоо хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвчийг зайлшгүй хэрэглэж хэвших хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүдэд дадал болгох шаардлагатай. Хэрэглээд заншчихвал аюул, осол тэр хэрээр багасна.
-Хүүхэд дугуйт тэшүүртэй осолдсон тохиолдолд юунд анхаарах ёстой бол. Анхан шатны ямар тусламж үзүүлэх вэ?
-Ноцтой гэмтэл авсан тохиолдолд хугацаа алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандах нь чухал. Бэртэж гэмтсэнээ эцэг, эхээсээ нуудаг хүүхэд бий. Зарим эцэг, эх “Ямартай ч хүүхдээ хэд хоног ажиглая” гээд гэмтлийг хүндрүүлэх тохиолдол ч байдаг. Хүүхдэд хүнд, хөнгөн ямар ч зовуурь илэрсэн эмчид даруй үзүүлж, зохих эмчилгээ, тусламжийг авах нь чухал.
-Та эцэг, эхчүүдэд өөр юу гэж зөвлөх вэ?
-Хүүхэд тань дугуйт тэшүүртэй бол хамгаалалтын хувцас хэрэгсэл заавал өмсгөөрэй. Мөн авто зам, машины зогсоолын ойролцоо бүү тоглуулаарай. Болбол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг зориулалтын замтай газар л дугуйт тэшүүр, скүүтер унуулаарай гэж захья.