Монгол Улсын 3.3 сая гаруй иргэний гуравны нэг хувь нь, тодруулбал, барагцаагаар 1.5 сая нь 16-59 насныхан. Тэд бол эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч юм. Үүнээс эмэгтэй, эрэгтэй хүний тэтгэврийн насыг тооцоолон 55-59 насыг ид ажиллах үе биш гэж тооцвол 1.4 сая орчим нь 16-44 насныхан. Өөрөөр хэлбэл, ид ажиллаж, хөдөлмөрлөх, “зүтгүүр” үеийнхэн. Гэтэл энэ хэсгийнхнээс тогтсон ажил, хөдөлмөр эрхэлдэг нь ажилгүйчүүдээсээ бага хувь эзэлж байна. Ажиллах хүч нь хөдөлмөрийн чадвартай ажил эрхлэгчид болон ажилгүйчүүдээс бүрддэг хэдий ч харьцааны хувьд ажил эрхэлдэг хэсгийнхэн давамгайлах нь эрүүл тогтолцоо. Үүнээс гадна эдийн засгийн идэвхтэй хүн амыг тооцоолон гаргахад хөдөлмөрийн чадвартай боловч ажил хайдаггүй хүмүүсийг хамруулдаггүй, мөн цэргийн алба хаагчдыг хасдаг юм байна.
Ингээд бодохоор манай улсын ажиллах хүчнээс хөдөлмөрлөдөг нь цөөн буюу урвуу үзүүлэлттэй аж. Бүр тодорхой хэлбэл, улсын халаасанд татвар нэртэй хандив өгөгч зүтгүүр хэсгийнхний эзлэх хувь бага. Энэ нь юутай холбоотой вэ.
Юун түрүүнд үүнийг ажилгүйдэлтэй холбон тайлбарлах болов уу. Тэгвэл нийгмийн ажилгүйдлийн үндэс нь эдийн засгийн уналт, бууралт, хямрал зэрэг олон зүйлээс шалтгаална гэхчлэн онолдвол үргэлжилсэн тайлбар болно. Мэдээж, ажилгүйдэл, ядуурал дэвэрч, “дэвжихэд” тогтолцооны гажуудал нөлөөлсөн буюу төр, засаг бодлогын хэмжээнд өөрчлөлт хийх гарцаагүй шаардлага бий.
Гэхдээ монголчуудын хувьд, тэр дундаа залуу үеийнхэн ажилгүйдэлд нэрвэгдсэн гэхээс илүүтэй залхуурлын хүлээсэнд орж, санаачилгагүй, идэвхгүй болсон гэвэл үнэнд илүү ойртох болов уу. Нарийн мэргэжил шаардахгүй “гар, хөлийн үзүүрийн”, урт хугацааны бус, улирлын, эсвэл хэдэн өдрийн ажил уг нь хаа сайгүй байдаг ч хүн, хүч үргэлж дутагдалтай талаар ажил олгогч нар ярьж байна. Чухам юу хийхээ асуухаас урьтаж цалин, хангамжийн талаар сонирхдог, эсвэл “Ямар ч ажил хамаагүй хийнэ, чадна” гэчихээд хагас өдөр ч тэсэхгүй “Миний хийх ажил биш байна. Хэцүү юм” гээд хаяад явчихдаг, ингэснээр тэр газарт, тухайн үед ямар хүндрэл үүсэхийг ч тооцоолдоггүй ухамсаргүй, дорой, шантрамтгай залуучууд олширч байгааг тэд онцлов. Үүнээс гадна ажилтай нь холбоотой шаардлага тавьж, хариуцлага нэхэхээр шантраад явчихдаг “нялцгай биетүүд” ч бий гэнэ. Иймэрхүү аахар шаахар шалтгаанаар ажил “олдоггүй” залуус манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй 18-39 насныхан байдгийг ажил олгогчид шүүмжилсэн юм.
Сүүлийн үед цар тахлын улмаас ажил олдохгүй байна гэсэн шалтаг хэлэх хүн олширчээ. Гэтэл албаныхны статистик мэдээллээр бол өдгөө хөдөлмөрийн зах зээлд 30 мянга орчим ажлын байр байна. Тэдгээрийн ихэнх нь үйлчилгээний болон уул уурхайн талбарт аж. Өнгөрсөн гуравдугаар сар хүртэлх хугацаанд ажилд зуучлуулсан иргэдийн 30-аад хувь нь товлосон цагаас хоцорсон, ажил олгогчид “загнуулсан”, бүтээмж муу байсан, тамхилах нэрээр ажил хийдүүлсэн зэрэг шалтгаанаар гологдсон, эсвэл өөрөө “голоод” хаяад явсан байх юм. Монголын барилгын салбарт гадаадын ажиллах хүчин, тодруулбал, урд хөршөөс барилгачдыг тодорхой хэмжээгээр ажиллуулдаг жишиг тогтоод удсан. Үүнийг амтай бүхэн буруушааж, дотооддоо ажилгүйдэл газар авсан энэ тэр гэж шүүмжилдэг хэрнээ өөрсдөө шаардлагад нь тэнцдэггүй, тухайн мэргэжлийг эзэмшээгүй, ур чадвараар гологддог, итгээд ажиллуулахаар нүд хуурч, муу гүйцэтгэдэг гэмтэйг энэ салбарын ажил олгогч нар мөн л учирлан, уулга алдан ярив. Өнөөдөр энэ салбар ажиллах хүчээр жинхэнэ цангаж байна. Цар тахлын улмаас хилээ хаасан нь үүний нэг шалтгаан. Компаниуд туслах ажилтан олдохгүйн зовлонтой тулжээ. Өдрийн хөлсний хэмжээ нь 50 мянгаас 60 мянга хүртэл гэж зарлаад ч нэмэргүй байгаа гэнэ. Үүнийг “Залуус хүнд хүчир хөдөлмөрөөс зугтдаг болжээ” гэж тайлбарлах нь олонтоо. Тэгвэл энэ салбарт олон жил ажиллаж, халуун чулуу долоосон, учир мэдэх нэгэн захирал “Өнөөдөр мэргэжлийн бус туслах ажилчин дутагдалтай байгаа шиг мэргэжилтэй, ур чадвартай, сэтгэлтэй хүн юу юунаас илүү үгүйлэгдэж байна. Мэргэжлийн бус хүнээр ажил гүйцэтгүүлэх нь нэг талаар “там” болдог. Нуулгүй ярихад, барилгын тэр дундаа өрлөг, гадна, дотор засал зэрэгт “би чадна”-чуудыг ажиллуулахгүй байхаар зохицуулах ёстой. Хэрэв ажиллуулахдаа тулбал хэдэн сараар дадлагажигчаар сургасны дараа ажлын талбарт нь гаргахгүй бол барилгын чанарын талаар ярих нь хий хоосон зүйл байсаар байна. Хэдийгээр мэргэжлийн бус ч гэлээ чин сэтгэлээрээ ажиллаж, хүсэж тэмүүлдэг, бидний шаардлагад нийцүүлдэг хүмүүс бий. Гэхдээ олон биш нь харамсалтай” гэсэн юм.
Түүний хэлснийг үнэхээр бодууштай. Өрлөгийн чанар, дулаалгын хэсгийн гүйцэтгэл муу бол барилгын хананаас сийгдэгийг мэдэхгүй хүнгүй. Байшин хүйтэн, жиндүү байна гэсэн гомдол үүнээс үүдэлтэй. Хамаг байдгаа “дэнчин” тавьж, дээрээс нь өч төчнөөн жилээр зээлийн хүлээсэнд орон байж авсан байрандаа сэтгэл хангалуун бус амьдрахын зовлонг монголчууд туулж буй. Ажилгүйдлийн сэдэвт энэ ямар хамаатай вэ гэхээр, тус салбарт мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтайн улмаас “би чадна” гэсэн болгоныг ажилд авчихдаг нь өнөөдөр манайд энгийн үзэгдэл. Сайн дурын “уран сайханч” голдуу хүмүүс нийлж нэг баг болоод нийслэлд ч, орон нутагт ч барилгын гүйцэтгэгч болдог явдлыг өдгөө таслан зогсоох ёстой. Үүнд ажилтай, орлоготой байх гэсэн иргэдийг буруутгасангүй, хамгийн гол нь гүйцэтгэгч байгууллагынхан багаа ингэж бүрдүүлэгт асуудлын гол нь бийг анхаарах учиртай. Барилгын гүйцэтгэгчээр мэргэжлийнхэн ажиллаж байгаа, эсэхийг хянахын тулд тогтолцооны шинэчлэл хийх ёстой болов уу. Ингэж байж иргэдийг хохироодог, чанаргүй гүйцэтгэлтэй, “халтуурын” барилгууд, түүнийг дагасан түмэн зовлонг цэгцэлнэ.
Ид ажиллах насандаа яваа залуучууд өнөөдөр “гэрийн хүн” болж буй нь төр, засгийн “нялцгай” бодлоготой шууд холбоотой. Энэ нь барилга, уул уурхайн талбарт гараа цэврүүтүүлэхийн оронд хүнсний талон, элдэв халамжаар “угжуулах” сонирхлыг өдөөж байна. Залуу үеийнхэн бэлэнчлэх дуртай болжээ. Тийм байтал өнгөрсөн гуравдугаар сард ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Сар бүр хүнсний талон авдаг 43 мянган өрхийн 235 мянган иргэн байна. 43 мянган өрх дотор хөдөлмөрийн насны залуусыг ангилаад, нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, хөдөлмөрт бэлтгэх сургалт явуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэсэн. Азаар уг хөтөлбөрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад буй. Бүр болих ёстой гэсэн байр суурьтай иргэн олон. Ажил олгогч нар энэ талаар “Ажилд уриад байхад ирдэггүй, ирсэн нь шантраад тогтвортой ажиллахгүй байгаа нь түгээмэл. Гэтэл Засгийн газар мөнгө төлөөд ажлын дөртэй болгоно гэдэг бол улам эрхлүүлсэн хэрэг” гэж байсан. Эдийн засагч нар ч үүнийг буруушааж, тэтгэлэгт сургалтад хамрагдсаны дараа ажил хөдөлмөр эрхлэх баталгаа байхгүй учраас дэмий үрлэгэн загнах хэрэггүй” гэв. Залхуу, ажилд дургүй хүүхдээ сургах гэж байгаа бол ам руу нь хоол халбагадахаа болих хэрэгтэй гэж нэгэн настан хэлснийг энд дурдахад илүүдэхгүй буй за.
Өнөөдөр дэлхий дахинд ажилгүйдлийн түвшин өссөн. Америк ойрын 10 жилдээ энэ асуудлыг “хазаарлахаар” хичээж буй талаараа мэдээлж байна. Ингэхдээ хөдөлмөрийн зах зээл дэх залуучуудын оролцоог дэмжихэд анхаарна гэсэн бол Британийн эрх баригчид мөн л ийм бодлого баримтлах болов. Үүний тулд ахимаг настай фермер, тариаланчдыг хугацаанаас нь өмнө тэтгэвэрт нь гаргаж, нөхөн олговор олгох болсон бөгөөд тэдний оронд залуучуудыг энэ салбарт татан оролцуулах зорилготой аж. Байгаль орчинд учруулах хор хөнөөлийг бууруулах зорилгоор хөдөө аж ахуйн салбарын шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй ногоон хөтөлбөртэй уялдуулан гаргасан эл шийдвэр нь цаашлаад хөдөлмөрт хандах залуучуудын хандлага, сэтгэлгээг өөрчлөхөд орших юм билээ. Манай төр, засгийнхан ч ийм ухаалаг шийдвэр, бодлого гаргаасай.
Өнөөдөр орон нутагт малчин дутагдалтай байгаа талаар яриад л байна. Өндөр цалин амлаж, хоол, байраар хангана гээд ч залуучууд ирэхгүй байгааг мянгат малчид ярьдаг. Орон нутагт багш, эмчийн хомсдол нүүрлээд хэдэн арван жил өнгөрсөн ч төрийн дорвитой хөшүүрэг, бодлого алга. Саяхнаас харин 18-59 насны хөдөлмөрийн чадвартай, хоёроос дээш гишүүнтэй, гэр бүлээрээ орон нутагт шилжин суурьшиж, хоёроос доошгүй жил гэрээт малчнаар ажиллах хүмүүсийг бүртгэх тухай зар түгээсэн байна лээ. Энэ дагуу хөдөө явбал тодорхой хөнгөлөлтүүд эдлүүлэх юм гэсэн. Гэхдээ тэр хөнгөлөлт гэдэг нь тийм дорвитой зүйл биш учраас хөдөө рүү зориглон зүтгэх залуучууд олдох болов уу гэж “егөөдөх” хүнтэй таарсан. Малчны хотонд амсхийх завгүйг мэдэх хотын залуучууд лав энэ хөтөлбөрт хамрагдахгүй гэж “муу амлах” нэгэн ч байна. Юутай ч энэ мэтээр санаачилгатай ажиллавал “Зүдэрч цөөхөн төгрөг олохоос илүүтэй зүгээр сууж байгаад халамж хүртэн талхны мөнгөтэй болсон нь дээр” гэх үзэл бодолтой, халамжид дулдуйддаг ажилгүйчүүдийн тоо буурах нь лавтай.
Эцэст нь өгүүлэхэд, манайд ажлын байр хангалтгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь ажил олдохгүй байна гэсэн үг биш. Хүсвэл өдөртөө 30-аас дээш мянган төгрөгийн хөлстэй, нарийн мэргэжил шаардахгүй ажил зөндөө байгааг ажил олгогч нар хэлж байна. Нөгөөтээгүүр, нийгмийн халамж нэрээр залуу үеийнхнээ залхуу болгодог бодлогоо халж, хөдөлмөрт дурлуулахад анхаарах ёстой. Эс бөгөөс Монгол Улс нийгмийн халамжид зарцуулдаг мөнгөөрөө дэлхийд толгой цохих вий. Хоёр жилийн өмнө хийсэн Дэлхийн банкны судалгаагаар, бид Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаасаас энэ талаарх бодлогоороо дээгүүрт орсон билээ. Британид нийгмийн халамжийг иргэдийн орлогыг хаадаг “урамшуулал” гэж үздэг учраас тогтвор суурьшилтай ажилладаг иргэдийг урамшуулах, бага орлоготой болон ажилгүй хүмүүсийг сургах, ажлын арга барил, ур чадвар эзэмшүүлэхэд анхаардаг бөгөөд үр дүнд нь хөдөлмөр идэвхтэй эрхлэгчдийн зах зээлээ тэлсэн аж.