Өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас хойших хоёр сар орчмын хугацаанд хаалттай байсан хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр уржигдар нээлээ. Тухайн өдөр Улаанбаатарт цаг агаар эрс муудаж, цасаар шуурав. Гэсэн ч цаг агаарын байдал иргэдэд нөлөөлсөнгүй, нийслэлээс гарах гэсэн хүмүүс шалган нэвтрүүлэх товчоодод урт дараалал үүсгэв. Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр 22-ын шалган нэвтрүүлэх товчоонд энэ сарын 22-ны 06.00 цагаас эхлэн үд дунд хүртэлх хугацаанд 700-800 машины цуваа үүссэн байна. “Зөвхөн өнөөдөр бус, маргааш, нөгөөдөр гээд дараа дараагийн өдрүүдэд ч хотоос гарч болох атал иргэд өглөөнөөс авхуулаад нэлээд дараалал үүсгэлээ. Цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед анхаарал болгоомжтой байж, зайлшгүй шаардлагагүй тохиолдолд орон нутаг руу зорчихгүй байх нь зүйтэй. Зам, тээврийн нийт ослын 50 гаруй хувь нь орон нутгийн замд гардаг. Тиймээс анхаарал болгоомжтой байх нь хамгийн чухал” гэж тус албаныхан хэлсэн юм. Иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй, даац хэтрүүлж, олон хүн суулгасан цөөнгүй зөрчил гаргасан байна. Тиймээс орон нутаг руу явах хүмүүс хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангахыг ТЦА-наас анхаарууллаа.
Уржигдар 06.00-14.00 цагт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 864 тээврийн хэрэгслээр 1908 зорчигч хотоос гарсныг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Улаанбаатар хотоос гарах иргэд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаж, вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоног өнгөрсөн байх шаардлагатай. Мөн сүүлийн дөрвөн сарын хугацаанд “Ковид-19”-өөр өвчилж, эдгэрсэн бол хот хооронд чөлөөтэй зорчих боломжтой гэж УОК-оос баталсан Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журамд тусгасан. Гэтэл коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн ч дархлаа тогтох хугацаа буюу 14 хоног өнгөрөөгүй иргэд орон нутаг руу явах гэсэн зөрчил цөөнгүй гарчээ. Ялангуяа “2-3-хан хоног дутуу байгаа, гаргачих” гэсэн хүн цөөнгүй байснаас товчоодод дараалал, ачаалал үүссэн аж. “УОК-оос баталсан түр журамд коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоног өнгөрсөн бол орон нутаг руу явж болно гэж заасан. Тэр журмаа мөрдөөч ээ. Нэг хоног дутуу байсан ч шалган нэвтрүүлэх товчоогоор гаргахгүй учир энд ирж ачаалал бүү үүсгээч гэж иргэдээс хүсье” гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээлсэн юм.
Харин дархлаажуулалтад хамрагдаагүй, халдвар аваагүй иргэд орон нутаг руу зорчихоос өмнөх гурав хоногийн дотор заавал PCR шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн бямба гарагт PCR шинжилгээ авах цэгүүд ачаалалд дарагдлаа. Нийслэлийн хэмжээнд өдгөө шинжилгээний зургаан цэг ажиллаж буй. Үүний нэг болох Таван шар дахь “Номин” худалдааны төвийн гадна байрласан явуулын цэгт тухайн өдөр 600 гаруй хүний дараалал үүссэн байна. Уг нь тус цэгийг 09.00 цагт нээх ёстой байжээ. “Гэсэн ч 10.30 цагт нээсэн, ямар зохион байгуулалтгүй байсан” гэж иргэд шүүмжилсэн. Шинжилгээ авах цэгүүд өмнө нь 09.00-12.00 цагт ажиллаж байсан. Тэгвэл ачаалал ихэссэнтэй холбоотойгоор цагийн хуваарийг 09.00-15.00 цаг болгосон аж.
Эргэн сануулахад, коронавирусийн халдвар дотоодод дэгдсэнээс шалтгаалан өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш орон нутаг руу зорчих хөдөлгөөн хаалттай байсан. Харин хатуу хөл хориог сулруулсантай холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээсэн юм. Ингэснээр цөөнгүй иргэн нийслэлээс орон нутгийг зорьж, улмаар 13 аймагт “Ковид-19” тархсан. Тиймээс тухайн сарын 26-нд УОК-ын шийдвэрээр орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг дахин хязгаарласнаас хойш уржигдрыг хүртэл хаалттай байв. Энэ хугацаанд зөвхөн зайлшгүй шалтгаантай буюу хүнс, шатахуун тээвэрлэх, уул уурхай, газар тариалангийн салбарын ажилтнууд л холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр хот хооронд зорчиж байв. Өдгөө ч Улаанбаатарт халдварын тархалт хумигдаагүй тул нийслэлээс орон нутагт очсон иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Учир нь орон нутагт оршин сууж буй иргэдийн дөнгөж 15 хувь нь дархлаажуулалтад бүрэн хамрагджээ. Тиймээс бусад иргэн, ялангуяа хүүхдүүд халдвар авах өндөр эрсдэлтэйг сэрэмжлүүлсэн юм.