УИХ-ын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Тус сангийн дансыг өчигдөр буюу тавдугаар сарын 20-нд албан ёсоор нээсэн байна. Улмаар Хүүхдийн төлөө фондод хандиваар цуглуулсан 2.2 тэрбум төгрөгийг өнөөдөр Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өглөө. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалтаар зарцуулах юм. Тодруулбал, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, мөн амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдаж, Хүүхдийн төлөө сантай болсноор сангийн хөрөнгийг нэгдсэн зохицуулалтаар хангаж хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батлах бөгөөд яамдаас санал авч Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байна.