"Бимекс" ХХК-ийн ерөнхий захирал Цэндхүүгийн Бат-Өлзийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнажээ. Энэхүү хүндтэй шагналыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин эзэнд нь гардуулж өглөө. "Бимекс" ХХК нь 1995 онд байгуулагдсан бөгөөд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. МҮХАҮТ-ын Даймонд гишүүн байгууллага юм. Мөн Монголын топ аж ахуйн нэгжээр шалгарч байсан шилдэг татвар төлөгч байгууллага юм. Үүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд залуу шатарчид, сагсан бөмбөгийн тамирчид, урлагийнхныг ивээн тэтгэх зэргээр олон байгууллага, хувь хүнд хандив тусламж өгч ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн өвөл коронавирусийн хүнд хэцүү үед төрийн албан хаагчдад хандив тусламж үзүүлэн, бусад аж ахуйн нэгжээ түүчээлсэн билээ. Тодруулбал, тус компани өөрсдийн үйлдвэрийн “Brazil coffee”, “Bestcup coffee”, “Хаантан сүүтэй цай”, “Өгэдэй сүүтэй цай” зэрэг брэндийн 25 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг цар тахалтай тэмцэж буй ЭМЯ, Нийслэл болон Дархан, Эрдэнэт хотын Онцгой Комисс-ийн харьяа албан хаагч нарт талархал илэрхийлж хандивласан.
Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр төрийн дээд одон медалиар шагнуулсан Ц.Бат-Өлзий захиралд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.