Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
Мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 470 хавтастай хэргийг дээрх танхимын шүүгч Б.Батцэрэн илтгэн хэлэлцүүлсэн бөгөөд шүүх хурал эхлэх үед яллах, цагаатгах талын санал, хүсэлтийг сонссон юм. Энэ үеэр С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон, Н.Цэцэгмаа нараас “Прокурорууд эсэргүүцэл бичих хугацаа дууссан байхад хариу бичсэн тул түүнийг нь хүлээн авах үндэслэлгүй” хэмээснийг шүүх бүрэлдэхүүн хуульд нийцсэн гэж үзэв. Уг нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг прокурорууд 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүлээн авсан бөгөөд тухайн үед цар тахлын улмаас хөл хорьсон, баярын өдрүүд таарсан зэрэг шалтгаанаар прокурорын эсэргүүцэл бичих хугацааг нь сунгахаар болсон байдаг аж. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайн процесс нь хууль зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн бололтой. Тиймээс прокуроруудын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах байр суурийг нь хяналтын шатны шүүхийнхэн үл хэрэгссэн юм.
С.Баярцогттой хамт Татварын болон Тагнуулын ерөнхий газрын дарга байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал байсан Д.Ганболд, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарын гэм буруутай, эсэхийг шүүх дэнсэлсэн. Уг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.6 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм. Давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-нд хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулж, С.Баярцогтыг дөрвөн жил найман сар, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг нэг жил гурван сар, Б.Ариунсан Б.Бадрал нарыг нэг жил хорихоор болсон билээ.
Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарын гомдлыг 12.20 цагийн үед хэлэлцэж эхлэн 15.20 цагт зөвлөлдөхөөр завсарласан юм. Тус танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, Б.Цогт, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нар таван цагийн турш зөвлөлдөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил найман сар хорих ял оноож, 1.6 сая ам.долларыг улсын төсөвт шилжүүлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн хэвээр байхаар болов. Харин Д.Ганболд, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Б.Бадрал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо. Өөрөөр хэлбэл, уг дөрвөн хүний үйлдэл 2015 онд гарч, түүнээс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн тул суллахаар болжээ. Улмаар ШШГЕГ-ын харьяа хорих ангиас Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг өчигдөр орой чөлөөлсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нар нэлээд хэд хоногийн өмнө суллагдаад байжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа