Аргентины Ерөнхийлөгч асан хатагтай Кристина Киршнер өндөр суудлыг нөхрөөсөө өвлөж авсан юм. Гял цалхийсэн энэ эмэгтэй бусдын дурыг булааж, гоёж гангалах, гоо сайхны мэс засал хийлгэхэд олон сая ам.доллар зарцуулдгийг, улс төрийн ямар бодлого явуулдаг тухайд тэндхийн хэвлэлд нэг хэсэг бишгүй бичиж байлаа. Үүнээс гадна авлига авдаг, бүр хахуулийн тодорхой схемтэй гэж ч түүнийг буруутгаж байв. Тэрбээр сэтгүүлчдийг мулгуу, илжиг хэмээн, тэдэнтэй байнга муудалцдаг байв.
К.Киршнер “Надад улс төр, наймаа гэсэн хоёр шунал байдаг” гэж хэлж байжээ. Түүний захиалгаар долоо хоног бүр Парисаас “Dior”-ын бараа дүүрэн ачсан нисэх онгоц Буэнос-Айрест ирдэг байсан аж. “Chanel”, “Louis Vuitton”, “Hermes”, “Christian Louboutin”-ы бараанууд сэтгэлд нь нийцдэг, “Dior”-ыг бүгдээс илүү таалдаг байв. Ерөнхийлөгчийнхөө бүхий л үйлдлийг шаргуу сурталчилдаг Аргентины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Кристина Киршнерийг нэг янзын хувцас өмсөж олны өмнө хоёр удаа хэзээ ч гарч байгаагүй талаар бичсэн нь олонтоо. Үүнийг нь аргентинчууд “Цэвэрлэгээнд зарцуулах мөнгөө ингэж хэмнэдэг юм” гэж хошигнож ярина. Кристина жил бүр гоёлд 350 мянгаас доошгүй ам.доллар үрдэг гэж хэвлэлүүдэд нь бичжээ. Хувцаснуудыг нь хадгалах гэж өргөөнд нь 100 ам.метр талбайтай гурван өрөөг тусад нь бэлтгэсэн байна. Гэлээ ч энэ байр Төрийн тэргүүнд багадаж нэг давхар нэмж барьжээ. Хувцас, үс, хумсаа санаандаа тохируулахад өдөр тутам ихээхэн цаг зориулдаг талаараа хатагтай өөрөө ч нуудаггүй. Гадаад оронд айлчлахдаа ямар ч нөхцөлд дэлгүүрээр орох цаг гаргаж чаддаг тэрбээр Францын Ерөнхийлөгч Николя Саркозитай хийсэн уулзалтаас гармагцаа “Christian Louboutin”-аас 20 янзын гутал, “Louis Vuitton”, “Hermes”-ээс юухан хээхэн авч 110 мянган ам.доллар үрсэн гэдэг. Кристина галбираа хадгалахад ихэд анхаарч, элдэв гоёл чимэглэл олноор авч, өндөр үнэтэй шинэ загварын эд зүйл сольж хэрэглэнэ. Бүсэлхий хавийнхаа галбирыг илүү онцолж, урт шулуун хөл, том хөх тэргүүтнээрээ гайхуулж, залуу мэт харагдахыг гойд хичээж, ихэнхдээ хар, цагаан, улаан өнгө сонгодог байв. Өөлөхийн аргагүй янзалсан үс, хурц тод өнгөөр будсан хумс, үнэтэй хувцас, өндөр өсгийт түүний нэрийн хуудас байлаа. Түүний гадаад төрх нь явуулж байсан улс төрийн бодлогоос нь илүү аргентинчуудыг татдаг байв.
Кристина Киршнер Аргентены Ерөнхийлөгчөөр хоёр удаа ажилласан юм. Өмнө нь тэргүүн хатагтай байсан. Түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Нестор Киршнер гэргийнхээ яг эсрэг дүр байжээ. Тэрбээр сэгсийсэн үстэй, хуучин, томдсон хувцастай олны өмнө гарахаас ч сийхгүй.
Хувцасны хэв загвар, дэлгүүр хоршоонд хэт их шохоорхдог нь Кристинаг нэг бус удаа эвгүй байдалд оруулжээ. Бусдад аятайхан харагдахыг хичээснээс албан ёсны арга хэмжээнд хожимдож очсон нь цөөнгүй. Тухайлбал, Вашингтонд “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн 20 улсын удирдагч зургаа авхуулахаар товлосон цаг болчихоод байхад Аргентины Ерөнхийлөгч ирээгүй байсан. Үүнээс болж зураг дахиж авхуулах шаардлагатай болсон нь цагтаа ирсэн хүмүүсийн дургүйцлийг хүргэлгүй яах вэ дээ. Үүнээс гадна Латин Америк, Европын Холбооны орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хувцсаа солих гэсээр цаг уясан Аргентины Ерөнхийлөгчийн өмнөөс ёслолын алба нь уучлалт хүсэхэд хүрч байлаа.
Аргентины домог болсон тэргүүн хатагтай асан Эва Перонтой энэ эмэгтэйг харьцуулдаг хүн олон. Тэд эр нөхөртөө асар их нөлөөтэй, Аргентины ажилчин түмний дэмжлэг хүлээдэг, сэтгүүлчдийн бичдэгээр бол “Тэдний гол зэвсэг нь дур булаам, сэрэл хөдөлгөм байдал”. Харин Кристина энэ зүйрлэлд тийм ч таатай ханддаггүй. “Би Эвагаас ч, нөхөр Нестороосоо ч ямар нэг юм өвлөж авахыг хүсдэггүй. Надад байгаа бүх юм өөрийн минь ололт, дутагдлын үр дүн” гэдэг байв. Кристина Ерөнхийлөгч болохыг хүүхэд байхаасаа мөрөөдсөн гэж ойр тойрных нь хүмүүс ярьсан байдаг. Намтрыг нь бичсэн сэтгүүлч Ольга Ворна гол баатраа “Тэр бол хүчирхэг, боловсролтой эмэгтэй. Заримдаа өгөөмөр, бас дээрэнгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй мэт байдал хааяа илрэвч Аргентинд олдохгүй хүн” гэж тодорхойлжээ. Сэтгүүлч Хосе Анхель ди Мауро түүнийг “Бүх юм өөрийнх нь хүссэнээр байвал санаа нь амардаг зоргоороо, түрэмгий эмэгтэй. Түүнтэй ярилцаж суухдаа ширээн дээр байсан номыг авбал тэрбээр даруй байсан газарт нь буцааж тавина” гэж дүрсэлсэн байна.
Кристина 1953 онд Буэнос-Айрес мужийн төв Ла-Плата хотод төржээ. Дунд сургууль төгсөөд их сургуулийн хуулийн салбарт элссэн байна. Энд Нестор Киршнертэй танилцаж, 1975 онд гэрлэв. Нөхөртэйгөө хамтран хуулийн фирм байгуулж, хожим нь улс төрд хөл тавихаар шийдэв. Перонизмийн зүүн жигүүрт тэд нэгдэж, намын шугамаар хурдан ахиж эхлэв. Нөхөр нь голдуу “цаас харж” ярьдаг бол Кристина илүү уран илтгэдэг байлаа. Энэ гэр бүл Максим, Флоренсия хэмээх хүү, охинтой. Киршнерийнх гэдэг айл 2003 онд Ерөнхийлөгчийн өргөөнд нүүж иржээ. Нестор Киршнер хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэхээс татгалзаж, гэргийдээ энэ эрхийг олгосноос хойш эндээ байх болов. Тэдний сэдсэн тоглоомын тухай янз бүрийн яриа хүмүүсийн дунд бий. Нөхөр нь хүнд өвдсөнөөс болж ажил хэргээсээ хөндийрөхөөр шийдсэн нь сүүлд тодорхой болжээ. 2010 оны аравдугаар сард Несторын зүрх хаагдаж, 60 насандаа амьсгал хураав. Хатагтай Кристина Киршнер нөхрөө өөд болсноос хойш хар өнгийн гашуудлын хувцастай гурван жил явжээ.
Кристина сэтгүүлчидтэй уулзах дургүй, тэдний асуултад хариулахдаа хойрго байлаа. Ялангуяа өөрийн улсын хэвлэлийнхэнтэй тун сайнгүй харилцаатай. Сөрөг хүчний хэвлэлүүд Кристинагийн талаар таагүй зүйл байсхийгээд нийтэлж, хувцас хийгээд гоо сайхны мэс засалд их мөнгө үрдгийг нь шүүмжилнэ. Кристина сэтгүүлчидтэй шүүхдэлцэж, тэднийг няцаасан тохиолдол ч байсан. Сэтгүүлчид ч хариу барьдаг, Ерөнхийлөгч нь бамбай булчирхайн хавдартай нь тодорхой болсон 2012 онд ч түүнийг хайрласангүй. Харин хавдар нь хортой биш байсан нь мэс засал хийлгэсний дараа мэдэгдсэн байдаг.
Кристинаг олон арван сая ам.долларын хахууль авсан хэмээн 2016 онд буруутгаж, түүний депутатын бүрэн эрхийг цуцалж, баривчлахыг шүүх шаардав. Нестор Киршнерийн засаглалын үед Засгийн газарт хууль бусаар мөнгө авах тогтолцоо бий болгосон гэж үздэг. Авлигын энэ тогтолцоог нөхөр, эхнэр (Киршнерүүд) хоёр зохион байгуулсан гэж сэжиглэж байсан аж. Аргентины “La nacion” сонинд “Aвлиганы дэвтрүүд” хэмээх материал нийтлэгдсэний дараа ийм хэл ам дэгдсэн байдаг. Киршнерийн танхимд Төлөвлөлтийн яамны сайд байсан Хулио Мигель ди Видогийн жолооч нь мөнгөтэй хүүдийг олон арван жилийн турш зөөж байжээ. Хүргэж өгдөг газар нь Засгийн газрын харьяа байрууд болон Киршнерийн гэр байжээ. Тэр жолооч хожим нь тус бүр нь 36 хуудастай найман дэвтэр хэвлэлийнхэнд өгсөн аж. 56 сая ам.долларын хахуулийн хэргийн талаар хэдэн сарын турш бичиж байснаа сэтгүүлчид ч хүлээсэн байна. Мөнгөний дүн үүнээс хавьгүй их, улсын захиалга авахын тулд барилгын компаниуд 160 сая ам.доллар өгсөн гэдэгт мөрдөн байцаагчид эргэлзэхгүй байлаа. Ерөнхийлөгч байсан хатагтайг буруутгадаг авлигын цорын ганц хэрэг энэ биш юм. Гэр бүлийнхээ дотны найз, бизнесмен Ласаро Баесуд дэд бүтцийн төслүүд авч өгөхөд Кристина нөхрийн хамт тусалсан. Таван жилийн дотор 900 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Мөнгө угаасан, Аргентины Төвбанкны башир ажиллагаанд оролцсон, улсын хөрөнгийг гамгүй зарцуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэж түүнийг буруутгадаг. Түүний үйл ажиллагаа Аргентин улсад дор хаяж 17.1 тэрбум ам.долларын хохирол учруулсан гэж хууль сахиулагчид үздэг. Хатагтай Киршнерийн тансаг харшуудад нэгжлэг хийхэд төмөр шүүгээнд нь 2.25 сая, охиных нь дансанд 65 сая гаруй ам.доллар байжээ. Киршнер өөрийн бурууг ер хүлээдэггүй, мөнгөтэй холбоотой заль мэхийг улс төрийн өрсөлдөгчдийнхөө үйлдэл гэж мэдэгдсээр иржээ. Сенатын олон гишүүн түүнийг дэмждэг. Тийм учраас шүүх түүнийг буруутай гэж үзлээ ч шоронд орохгүй байх магадлалтай.